Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхимаас “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар уриалга гаргасан талаараа мэдээлэл хийлээ.Тэд уриалгаа УИХ-ын гишүүдэд хандан гаргаж байгаа юм.
Тэд уриалгадаа “Манай орны эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэх хөшүүргүүдийг зөв ашиглах нь өнөөгийн хүндрэлээс гарах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Олон арван жил яригдсаар ирсэн мөртлөө ашиглах бодит нөхцөл нь бүрдэхгүй байсан “Таван Толгой”, "Оюу толгой" зэрэг томоохон төслүүдийг үндэсний эрх ашигт нийцүүлэн, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой харьцаагаар оруулах замаар эхлүүлэх, ингэснээр уул уурхайгаас төвлөрсөн орлогоор эдийн засгийн бусад салбарыг солонгоруулан хөгжүүлэх бодит боломж бүрдээд байна. Иймд улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй энэ асуудалд Та бүхэн туйлшралгүй бодитой, алсын хараатай, мэргэн ухаанаар хандана гэдэгт итгэж байна. Уул уурхай, дэд бүтцийн "Таван толгой”, "Оюу толгой" зэрэг томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг хугацаа алдалгүй шийдэж чадсанаар, олон зуун дотоодын аж ахуйн нэгж, ЖДҮ-чид бүтээн байгуулалтын болон ханган нийлүүлэлтийн ажилд оролцож ажлын байрны тоо нэмэгдэж, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн орчинд эерэг нааштай өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Төр түшилцэж яваа Та бүхэн олдсон түүхэн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хямралыг ужигруулалгүй даван туулах, эдийн засгийн өсөлтийг хангах ухаалаг шийдвэрийг цаг алдалгүй гаргаж бизнест “НОГООН ГЭРЭЛ” асаана гэдэгт бизнесийн мянга мянган төлөөлөл итгэж байна” гэжээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)