Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол аймгийн төв Даланзадгад суманд боллоо.
Хамтын ажиллагааны гэрээнд “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлей, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга Т.Батчулуун, Ханбогд сумын Засаг дарга Т.Баян-Өлзий нар гарын үсэг зурав.
Энэхүү гэрээний хүрээнд “Оюу толгой” ХХК Усны менежмент, Байгаль орчныг хамгаалах менежмент, Уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент, Үндэсний түүх соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Нийгмийн суурь үйлчилгээ, Орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанууд, Нийтийн зориулалттай дэд бүтэц буюу хот байгуулахад шаардлагатай инженерийн шугам сүлжээний ажил хийх гэсэн үндсэн найман чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Ингэхдээ “Хөгжлийг дэмжих сан”-г байгуулан “Оюу толгой” компаниас жил бүр таван сая долларын хөрөнгө оруулалт хийж, дээрх ажлуудыг санхүүжүүлэх аж.
Энэ нь орон нутгийн хөгжил цэцэглэлт, хүний амын амьжиргааны түвшин дээшлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдгийг энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлж байлаа. “Оюу толгой” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлаж орон нутгийн иргэдэд зориулсан олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ч энэ удаагийнх албан ёсны анхны гэрээ гэдгийг холбогдох албаныхан онцолж байсан юм.
Түүнчлэн гэрээний зүйл заалтыг олон улсын болон Монгол эрдэмтэн судлаач нартай хамтран боловсруулсан гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон. Харин төсөл хөтөлбөрийг аймгийн бүх суманд хэрэгжүүлэх бөгөөд нөлөөлийн сум болох тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад суманд түлхүү хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал Ханбогд сумыг жишиг бие даасан сум болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч энэ жилээс барилга байгууламж барих дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр болжээ. Түүнчлэн говийн бүсийн нэн тулгамдсан асуудал болох усны нөөцийг судлах усан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг ч нэн даруй хийхээр болсон байна.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг 30 жилийн хугацаатай, цаашид сунгах нөхцөлтэйгөөр байгуулсан юм. Харин хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх аж.
Хамтын ажиллгааны гэрээнд гарын үсэг зурах үеэр “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Дөрвөн жил гаруй хугацаанд хэлэлцсэн энэхүү Хамтын ажиллагааны гэрээ нь бидний ажиллаж, амьдарч буй нутаг орны ард иргэд, засаг захиргаатай харилцан шүтэлцсэн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо. Хамтын ажиллагааны гэрээ нь Өмнөговь аймгийн хөгжилд түлхэц өгөх нэг чухал хүчин зүйл болохын зэрэгцээ цаашид Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд жишиг болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.
Харин Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий “Хамтын ажиллагааны гэрээ нь хүн төвтэй оюуны хөрөнгө оруулалт болоод бүтээн байгуулалтын асар олон зүйлийг хийхээр төлөвлөсөн нь сайшаалтай” гэв. Ямартай ч тус компани Өмнөговь аймагт албан ёсоор хөрөнгө оруулж, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, байгаль орчин, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахаар боллоо.
www.24tsag.mn Б.Батчимэг