Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Тодруулбал, тус гэрээг өнгөрсөн баасан гаригт өргөн барихаар товлосон ч барьсангүй. Чухам ямар шалтгаанаар хойшилсон талаар олон нийт сонирхож байна. Тэгвэл Монгол улсын сайд М.Энхсайхан энэ талаар доорх тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Тавантолгойн талаарх гэрээний төслүүд бол бэлэн болсон байгаа. Уг нь Засгийн газар УИХ-д зөвхөн танилцуулах бодолтой байсан. Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-аас гэрээнд гарын үсэг зурах даалгаврыг Засгийн газарт өгсөн учраас УИХ-ын шийдвэрийн төслийг гэрээний төслүүдийн хамт өргөн барихаар бэлтгэсэн байгаа. УИХ-аас гаргах аливаа шийдвэрийн үзэл баримтлал гэгчийг бас бэлдэх хэрэгтэй байдаг байна. Тийм үзэл баримтлалд миний бие болон Хууль зүйн сайд гарын үсэг зурдаг байгаа. Тогтоолуудын төслүүдийг мөн бэлтгэсэн байгаа. Өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар шалгаж байгаа. Хуулиар тэдэнд 72 цаг байдаг юм гэсэн. УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барина, асуудалгүй" гэжээ.
Тэрбээр мөн УИХ-ын даргын буруу гэхээсээ илүү буруу мэдээллээр санаатай төөрөлдүүлж буй зөвлөхийн аппаратыг нь буруутгах хэрэгтэй. УИХ “нүүрийг нь угаах гээд нүдийг нь сохлов” гээч битгий болоосой. А.Гансүхийн зорилго бол Тавантолгойн төслийг зогсоох, улс төрийн тавцанд “загвар үзүүлэх” л явдал. Хэн, хэний хүүхэлдэй гэдэг нь ойлгомжтой болсон асуудал шүү дээ хэмээжээ.
Цаашлаад УИХ-ын дарга А.Гансүхийн мэтгэлцээнд дуудсан асуудлаар М.Энхсайхан ийм хариултыг өгчээ.
Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд Монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүмүүсийн нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө “их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний эрх ашгийг өөрийн гэж андуурна гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (22)