Тавантолгойн гэрээг УИХ-д яаралтай өргөн барихгүй байгаа нь хардлага төрүүлж байна гэж зарим гишүүд ярьж байгаа. Тэд хэлэхдээ “Тавантолгойн гэрээг УИХ-д аль болох хурдан өргөн барьчихвал бид ч даруй хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэтэл одоог хүртэл өргөн барихгүй байгаа нь өөрийн эрхгүй хардлагыг төрүүлж байна. УИХ-ын даргын хэлээд байсан шиг монголчуудын эрх ашгийг зөрчсөн гэрээ хийчихээд одоо түүнийгээ засаад байж магадгүй гэсэн хардлага төрж байна” гэж байгаа юм.
Тэгвэл өчигдөр Засгийн газар хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцээд батлахыг дэмжжээ. Ингээд маргааш УИХ-д өргөн барихаар болсон байна. Өчигдрийн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдын зүгээс “Арай хялбаршуулсан гэрээ байж болохгүй юу. Үүнээс арай бага асуудлыг тусгах бололцоо байгаагүй юу гэдэг” саналыг гаргажээ. Тэгээд хэлэлцээд өнөөдрийг хүртэл боловсруулсан энэхүү гэрээгээ хэтэрхий танаж хассан байдлаар УИХ-аар хэлэлцүүлбэл хүмүүсийн хий хоосон хардлагыг төрүүлнэ. Тиймээс энэ хэвээр нь бүтнээр нь өргөн барих нь зүйтэй гэдэг зарчим дээр тогтжээ.
Уг гэрээг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжихгүй унавал асуудал хүнд байдалд орно. Харин Монгол улсын сайд М.Энхсайхан уг гэрээг УИХ-аар батлагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Учир нь тус гэрээнд хууль зөрчсөн ганц ч заалт байхгүй гэдгийг тэрбээр хэллээ. Цаашлаад монголчууд болоод хөрөнгө оруулагч нарын хэн нь ч хууль зөрчих сонирхолгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэйг тэрбээр сануулсан байна. Учир нь тус төсөл олон улсын банк санхүүгийн байгууллагаас мөнгө босгоно. Тиймээс хуулийн дагуу байх шаардлагатай аж.
Тэрбээр энэ талаар үргэлжлүүлэн ярихдаа "Монголд хамгийн элбэг байгаа байгалийн баялаг бол нүүрс. Байгаа баялгаа эргэлтэд оруулж байж цааш хөдлөх ёстой. Тэр тусмаа одоогийн ийм цаг үед. Ний, нуугүй хэлэхэд, би алдаатай зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ гэрээг би боловсруулаад, ганцаараа хийгээд байгаа юм биш. Би ердөө нэрийг нь зүүж байгаа болохоос мэргэжлийн чадварлаг олон хүний хүч хөдөлмөр орсон. Мэргэжлийн хүний хөдөлмөрт итгэх хэрэгтэй шүү дээ. Би бол тэднийхээ хийсэн ажилд итгэж байна. Тийм ч учраас зоригтой байгаа юм. Тэдний чадамжийг би өнгөрсөн хугацаанд харж, мэдэрсэн. Монголд чадалтай мэдлэгтэй хүн олон байна" гэж ярьжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)