Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Ингэхдээ инфляцийн төсөөлөл, эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлийг үнэлсэн тухай зөвлөлийн гишүүд тайлбарласан. Инфляци сүүлийн хоёр жилийн турш суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, шатахуун, гурилын үнийн өсөлт нам, тоггвортой төвшинд байгаа нь инфляц үргэлжлэн буурч нэг оронтой тоонд хүрэх чухал нөлөөтэй байсан аж. Түүнчлэн нийт мөнгөний нийлүүлэлт буурч, өсөлт нь эрс саарсан, импортын хэмжээ илүү хурдацтай буурч байгаа хандлагаас харахад инфляцид эрэлтийн талаас дарамт төдийлөн үүсэхгүи гэж үзсэн байна. Ийнхүү энэ онд инфляц зорилтот төвшин болох долоо орчим хувьтай гарахаар хүлээгдэж байгаа нь бодлогын хүүг нэмэхгүй байх боломжийг Монгол банкинд олгож байгаа юм. Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар орж ирэх валютын урсгал нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй учраас төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлага хэвээр байна.