Шивээ-Овоогийн нүүрсний уурхай жилд 4-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ш.Отгонбаатар хэллээ.
Алдагдалд оруулж буй гол шалтгаан нь нүүрс олборлож буй өртөгтэй холбоотой гэнэ. Тухайлбал нэг тонн нүүрс олборлоход 22 мянга орчим төгрөг болдог бол борлуулж буй өртөг нь 21 060 төгрөг аж. Тонн тутмаас 1000 орчим төгрөгийн алдагдалтай ажилладаг байна. Өөрөөр хэлбэл хоёр сая тонн нүүрс олборлоход 4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь ээ. Түүнчлэн тус уурхайд сүүлийн 17 жил техникийн шинэчлэл хийгээгүй. Ийнхүү нийслэлчүүдийг нүүрсээр хангадаг гол уурхай үйл ажиллагаагаа доголдуулахгүйн тулд шинэ техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг удирдлагууд нь онцолж байна.
Тус уурхай V цахилгаан станц баригдахад нүүрсээр хангах үүрэг хүлээж байгаа. Энэ тухай “Шивээ-Овоо” компанийн гүйцэтгэх захирал Ш.Отгонбаатар ярихдаа,“Манай уурхайн нүүрс олборлолтын хэмжээ ойрын гурван жилд 6 сая тонн болох тооцоо бий. Ингэснээр хөрс хуулалтын хэмжээ өсч 10 сая метр куб болно. Уурхай V цахилгаан станцын 70 хувийг хангахын тулд хүчин чадлаа нэмэгдүүлж 4.5 сая тонныг олборлох 2021 он хүртэлх ТЭЗҮ-ийг боловсруулсан. 4.5 сая тонн нүүрс олборлоход 288 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлсэн” гэв.
Сэтгэгдэл (1)