Таван Толгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч Консерциумд багтсан Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ишихара Сүсүмү “Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон Сумитомо компанийн хувьд Таван Толгой төсөл бол маш чухал төсөл. Энэ оны хоёрдугаар сард болсон Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Сумитомо корпорацийн Ерөнхийлөгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Таван Толгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан” хэмээн онцлов.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Юуны өмнө та бүхэнд маш их хичээл зүтгэл гаргаж байгаад талархаж байна. Парламентын чуулган өчигдөр эхэлсэн.Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх эрхийг өөртөө авч, хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэхээр боллоо. Намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллана. Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн настай. Тийм учраас гэрээ зурагдахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх нь замын дунд хүндрэл үүсэхгүй, сайхан боломж гэж шинээр харж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү “Хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (11)