Энэ жилийн Эдийн засгийн форумын үеэр голлон яригдаж буй асуудал нь Төрийн тогтвортой байдал. Монгол улс цаашдаа эдийн засгаа тогтвортой урт хугацаанд өсгөх зорилготой байгаа бол Төр засгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой гэдгийг Эдийн засгийн форумд оролцогчид хэлж байна.
Засаг солигдох бүрт хөрөнгө оруулагчдын итгэлцэл байхгүй болдог. Тиймээс энэ үед тэдний итгэлийг дахин хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал хамгийн чухал гэдгийг Ерөнхий сайдаас эхлээд бүхий л эдийн засагчид ярьж байна. Мөн Засгийн газар солигдох бүрт яамдын ажил хариуцсан албан тушаалтнууд солигддог. Тэр хэрээр бизнес эрхлэгчдэд дарамт болдог байна.
Тиймээс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн санааг ч хүмүүс гаргаж байлаа.
Төрийг тогтвортой байлгах асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, Сүүлийн 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигджээ. Засгийн газар солигдох бүрт яамдын бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эргээд төрийн тогтвортой бодлогод нөлөөлж байгаа учраас Монгол Улсын парламентын засаглалыг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг “Герман улс 23 жилийн хугацаанд гурван Ерөнхий сайдыг томилсон байдаг.Гэтэл Монгол Улс энэ хугацаанд 10 гаруй Ерөнхий сайдын нүүр үзсэн байна. Энэ тогтолцооны гажуудал хөгжлийг тушиж байна. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог өөрчилж, зөвхөн Ерөнхий сайдыг томилон, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг болчихвол бодлого тогтвортой үргэлжилнэ. Түүнчлэн улс төрийн намаас хамааралтай хийдэг томилгоог зогсоож, ур чадварт түшиглэдэг болвол энэ гажуудал арилна. Мөн Төрийн албаны тухай хуулийг маш чамбай хууль болгох ёстой" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)