Монгол Улсын сайд М.Энхсайханы "Монголын эдийн засгийн чуулган 2015" дээр тавьсан илтгэлийг хүргэж байна.
Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг “Суперцикл: баян ба ядуу” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь дараахь шалтгаантай юм.
Нэгдүгээрт, Дэлхийн зах зээл дээр газрын тос, зэс, нүүрс гээд бүхий л барааны үнэ унаж Суперцикл аль хэзээ ард хоцорсон байхад манай олон хариуцлагатай хүмүүсийн толгойд суперциклийн үеийнх шиг хөрөнгө мөнгөөр халгисан, цалгисан “зүүд мөрөөдлийн сэтгэлгээ” хэвээр байгаа нь санаа зовоож байна. Улс төрчид болон томоохон бизнесийн шийдвэр гаргагчид, цаашлаад нийгмийн сэтгэлгээг бүхэлд нь амьдралын хөрсөн дээр буулгахад энэ сэдэв тохиромжтой санагдсан юм.
Хоёрдугаарт, сар гаруйн өмнө НҮБ дээр нэгэн лекц болж түүнд намайг оролцохыг урьсан боловч ажлын бололцоогүйгээс очиж чадаагүй. Тэнд яригдсан сэдэв нь “Суперцикл дууслаа, цаашид яах вэ” гэсэн сэдэв байсан. Илтгэгч нь Оксфордын их сургуулийн профессор Пол Коллир. 2007 онд гарсан “Bottom Billion” номын автор. Ядуу буурай орны эдийн засгаар мэргэшсэн дэлхийн нэг нойморын мэргэжилтэн. Түүний хэлсэн санаанд Та бүгдийн анхаарлыг хандуулья гэж бодсон учир энэхүү сэдвийг сонгосон юм. Энэхүү Пол Коллирын лекцийг НҮБ-д ажиллаж байгаа Цэрэнпунцагийн Батболд хөтөлсөн бөгөөд энэ сэдвээр мөн Массачуссетсийн Технологийн Институтийн монгол оюутнуудтай хийсэн ярилцлагаа бичлэгээр мөн явуулсан байгаа. Линкийг нь Та бүгдэд тараана. Анхааралдаа авч үзэж харахыг хүсч байна.
Суперциклийн тухай
Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн суперцикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон байна. Өмнөх нь үүнээс 20-оод жилийн өмнө 1970,1980 оны дундуур болжээ. Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь босч ирэхтэй холбоотой болж байсан гэж бичиж байна. Нэг циклээс дараачийн цикл хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүхээсээ харж болно. Ингэж бодвол бидний хувьд ойрын 10-15 жилд дахин суперцикл тохиох боловуу гэж хий хоосон найдах шаардлага үндсэндээ байхгүй. Бий болсон шинэ нөхцөлд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүссэн гэж гэж хэлж болно.
Суперцикл ба байгалийн баялаг бүхий орнууд\
Суперцикл байгалийн баялагтай орнуудад санхүүгийн эх үүсвэрийг өөртөө “сорох” боломж олгодог гэж Пол Коллир ярьж байна. Ялангуяа 2000-2010 оны суперциклийн үед гол нэрийн барааны үнэ 2 илүү дахин өсчээ. Цикл дууслаа, боломжоо ашиглаж чадсан уу гэдэг асуулт тавьж байна. Чадаагүй бол яагаад? Ямар учир холбогдлоор алтан боломжоо алдсан тухай дээр анхаарал төвлөрүүлж ярилцах хэрэгтэй юм.
1970,80-аад оны суперциклийн дараа байгалийн баялагтай орнууд Голланд өвчин (Dutch disease)-өөр өвдөж боломжоо алддаг тухай яриа байсан. Одоо ч мөн л ярьж байгаа. Гэвч энэ хангалттай тайлбар биш байж магадгүй. Пол Коллирын хэлж байгаа, олон улсын байгууллагуудын хүлээн зөвшөөрч байгаа санаа нь Байгалийн баялаг бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол Засаглал юм. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн баялаг тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй юм.
Суперцикл ба Монгол
Дэлхий дээр болсон сүүлийн хоёр суперцикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний суперциклийн мөчлөг дээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараачийн мөчлөг дээр Оюу Толгой ашиглалтад орсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлсэн эерэг нөлөөг өнөөдөр маргалдах хүмүүс үндсэндээ байхгүй. Орчин үеийн Монголыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ би энэ тухай ярих гэсэн хэрэг биш юм. Эрдэнэт үйлдвэрийг Оюу Толгойтой төлж буй татвараар нь харьцуулж “хусмаа чамласан хүүхэд” шиг ааш зан зарим хүмүүс гаргаж байгаа нь эдийн засгийн түүхээ мэдэхгүйтэй, ойлгодоггүйтэй холбоотой юм.
Эрдэнэт үйлдвэр нь 1973 болон 1991 оны Монгол-Орос улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөж ирсэн юм. Эрдэнэт үйлдвэр усны төлбөр, байгалийн баялаг ашигласны нөөцийн төлбөрийг 30 жил төлөөгүй. 2003 он хүрч байж гэрээ хэлэлцээрээ өөрчилж дээрх төлбөрийг Монгол улс авдаг болсон юм. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал Оюу Толгой нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөсөө л нөөцийн төлбөрөө, бусад татвар, хураамжаа төлж байгаа нь үнэн юм.
Нэг нь нөгөөгөөсөө илүү, дутуу гэж харьцуулалт хийж байгаа биш юм. Ер нь авах татвараараа том төслүүдийн өгөөжийг хэмжинэ гэвэл буруу гэдгийг л хэлмээр байна. Эрдэнэт байгалийн баялагийн нөөцийн татварыг 30 жил төлөөгүй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Монголын нүүр царайг өөрчилсөн “сайн” төсөл байлаа. Эрдэнэтийг дагаж Монголын эдийн засаг өссөн. Шинэ хүн төлөвшиж бий болсон. Түүнтэй нэгэн адил Оюу Толгой төслийн өгөөжийг зөвхөн татвараар харвал буруу болно. Оюу Толгой төслийг дагалдаж Монголын эдийн засаг тэлсэн, өссөн.
Өнгөрсөн богинохон хугацаанд Монголын эдийн засгийн хоёр оронтой тооны өсөлтийн амжилтын нууцыг Оюу Толгой төслөөс л хайх хэрэгтэй.
Харамсалтай нь амжилттай хэрэгжиж байгаа төслөө амжилтгүй мэт андуурдаг нь зөвхөн Монголд болсон үзэгдэл биш юм билээ.
Эрдэнэт vs Оюу Толгой
Сүүлийн 40-50 жилд тохиосон хоёр ч Суперциклийн мөчлөгт Эрдэнэт, Оюу Толгой гэсэн зэсийн хоёр том үйлдвэрүүд Монголд бий болжээ. Өөр хооронд нь шууд харьцуулалт хийх хэцүү, бас шаардлагагүй. Эсрэг тэсрэг талууд ч бий, ижил төстэй чанарууд ч бий.
Эрдэнэт үйлдвэрийг барих эсэх асуудал зөвхөн улс төрийн мотивацитай байсан бол Оюу Толгойн үйлдвэрийг барих эсэх нь зөвхөн зах зээлийн мотивацитай байсан. Энэ бол зарчмын том ялгаа юм.
Социалист, капиталист систем өөд өөдөөсөө тулсан хүйтэн дайны ид үед зэсийн уурхайнуудаа нийгэмчилсэн Чилийн социалист ерөнхийлөгч Альенде 1973 онд цэргийн эргэлтээр унаж, Засгийн эрхийг генерал Пиночет гартаа авснаар Чили улсыг социалист болгохыг зорьж дотносож явсан ЗХУ-ын удирдлага бодлоо өөрчилж Монголд Эрдэнэт хэмээх зэсийн үйлдвэр барих шийдэлд хүрч байсан юм. Эрдэнэт 1973 онд баригдаж эхлээд анхныхаа баяжмалыг 1976 онд гаргаж байсан. Эрдэнэтийн баяжмал “социалист” үнээр Зөвлөлтийн хайлуулах үйлдвэр рүү олон жил ачигдаж, үйлдвэр нь алдагдалтай явж ирсэн бөгөөд зөрүүг ахан дүүсийн тусламжаар нөхөж, монголчууд бид алга ташиж ирсэн ойрмогхон түүхээ мартаж болохгүй.
Оюу Толгой төсөл нь улс төрийн төсөл биш. Энэ төсөл бол цэвэр бизнесийн төсөл. Тиймээс бизнесийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө яригдаж буй санал, санаачилгыг хоосон улс төржүүлэх шаардлага байхгүй. Зах зээлийн мотивацитай аливаа төсөл Монголын хөгжлийн эрх ашигт нийцнэ.
Энэ 2 төслийн ижил төсөөтэй чанар нь хоёулаа Монголын нийгэм, эдийн засагт тухай тухайн цаг үедээ маш том нөлөө үзүүлсэн явдал, мөн цаашид ч үзүүлэх явдал юм.
Мегатөсөл, мега тоо ба төөрөгдөл
Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том тоо ярих дуртай. Магадгүй зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох, хувьцааныхаа үнийг өсгөхөд хэрэг болдог байж болох юм. Сая тонн нүүрс, сая тонн зэс, сая сая тонн газрын тос, тэрбум тэрбум доллар гэж ярина. Түүнийг нь байгалийн баялаг бүхий орны иргэд сонсчихоод “бид ч найгүй их баян юм байна” гэж буруу ойлгодог. Энэ бол буруу замаар будаа тээх бодлогын үндэс болдог. Засаг төрийн хариуцлагатай хүмүүс уул уурхайг хөгжүүлэх ямархуу ярвигтай асуудал болохыг ард иргэддээ тайлбарлан таниулахын оронд өөрсдөө “бид ч найгүй баян юм байна” гээд гадаадын хөрөнгө оруулагчаа шахах, мөнгөө гаргахгүй хэрнээ хувь эзэмшинэ гэх, өөрсдөө мөнгөгүй хэрнээ том том төсөл ярьж эхлэх зэргээр популист сэтгэлгээнд автвал улс орон нь гарцаагүй дампуурах зам руу хазайх нь ойлгомжтой юм.
Ирээдүйд өр үүсгэх өндөр хүүтэй бонд босгож түүнийгээ үрэн таран хийх явдал нь “бид ч найгүй их баян” гэдэг сэтгэлгээний үргэлжлэл юм.
Найгүй баян гээд өөрийгөө бодчихсон явж байгаа хувь хүмүүст хэр барагийн төслөөс ирж байгаа татвар, төлбөр, өгөөж бага харагддаг ба санасанд нь хүртэл мөнгө өгөхгүй байхаар нь Төрийн томчуудын халаасанд тэр мөнгө шингээд байна гэж сэжиглэх нь энүүхэнд. Найгүй баян гэж өөрийгөө бодсон иргэн Төрдөө үл итгэнэ.
ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр юм.
Манайд болж байгаа үзэгдлийг энэ өнцгөөр тайлбарлахад буруутах зүйлгүй. Манай эдийн засгийн нөхцөл байдал гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж бидний бодож байгаагаас илүү хурдттай муудаж магадгүй. Гадаад хүчин зүйлсээс илүүтэй бидний өөрсдийн санаатай болон санамсаргүйгээр үйлдэж байгаа үйлдэл, шийдвэрээс хамаарна гэдгийн цохон тэмдэглэмээр байна. Иймээс өнгөрсөнөө хурдан ухаарч ирээдүйгээ түргэн засах хэрэгтэй байна.
Уул уурхай ба уламжлалт аж ахуй
Уул уурхай, тэр тусмаа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал тийм ч амархан асуудал бишээ. Сэтгэлгээний залхууралд автаж Монгол улс уул уурхайгүйгээр хөгжиж болдоггүй юм уу гэж асуух хүмүүс багагүй бий. Энэ талаар товч тайлбарлая. Мянга мянган жилээр хэмжигдэх уламжлалт мал аж ахуй цаашид байсаар л байх болно. Мал аж ахуй байгалиас хараат. Байгаль өөрийн циклтэй. Өөрийн дотоод баланстай. Зуд болно, ган болно. Мөчлөгөө дагаад өсөж, өндийж байсан уламжлалт аж ахуй маань хүрсэн хөгжлийнхөө түвшингээс өмнөх төлөв рүү гээ унах энүүхэнд. Үүнийг Экстенсив аж ахуй гэдэг. Ийм аж ахуйтайгаа байгаад байя гэвэл болноо болно. Хоцрогдолд дархлагдана гэсэн үг юм. Харин уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн хөгжил эдийн засгийг тэлж, хүн ардын худалдан авах чадварыг өсгөж, тэр нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх бололцоог бий болгоно. Үнэ өсвөл экстенсив аж ахуйг интенсив болгох хөшүүрэг ажиллана. Манай уламжлалт мал аж ахуй, орчин цагийн хөдөө аж ахуй зөвхөн уул уурхайгаар дамжиж байж хөгжилд хүрнэ. Өөр сонголт бидэнд байхгүй.
Байгалийн баялаг ба Тогтвортой хөгжил
Байгалийн баялагаас олох орлого бол хамгийн тогтворгүй орлого юм. Нэгдүгээрт, шавагдан дуусдаг тул, хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглээ нь улам бүр багасаж байгаа, гуравдугаарт, суперцикл дагаж үнэ нь өсч, унаж байдаг.
Тогтворгүй орлогыг хэрхэн тогтвортой хөгжилд ашиглах вэ гэдэг том асуудал юм. Нэлээд моод болж байгаа үзэгдэл Баялгийн сан байгуулах явдал юм. Уг санаа нь байгалийн баялгаас олж байгаа тогтворгүй орлогыг хуримтлал болгож, хүнд хэцүү цаг үедээ буюу суперцикл төгсгөл болоход авч хэрэглэдэг байх тухай юм. Нордикийн орнуудын хувьд энэ төрлийн сан байгуулж гадаад дотоодын ашигтай, найдвартай төсөлд хөрөнгө оруулах замаар сангийн үйл ажиллагааг урт хугацаанд хангаж байдаг. Харин өөрт нь хөгжих хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа буурай орнууд нь баялгийн сан байгуулж эх үүсвэрээ гадагш байрлуулах хэр зөв бол гэсэн асуудал бий. Ямар нэг байдлаар сан байгуулсан нөхцөлд ажиллах зарчмын хувьд гадагшаа гэхээсээ дотоодын эдийн засгаа дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах замаар ажиллах нь зүйтэй байх. Гэхдээ үүнийгээ гадаадын хөрөнгө оруулалттай нягт уялдуулж хамтарсан байдлаар эрсдлээ хуваах зарчмаар хэрэгжүүлэх хувилбар зөв байхаа.
Бодлого болон Чадамж бий болгох асуудал
Суперцикл дууслаа. Үнэ унаж байна. Ямар бодлого хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч байна. Ямар ч нөхцөлд ашиг өгөөд байх үнэ үгүй болж.
Энэ нөхцөлд өндөр үнэд найдах биш, зардлаа бууруулж, үнээр биш хэмжээгээр өрсөлдөх стратеги чухал юм. Нүүрсний үнэ өндөр байхад олборлолт, тээвэрлэлт, борлуулалт аль аль нь бие дааж ашиг олж болох бизнес байсан. Одоо тийм бололцоогүй болсон. ЭТТ компанид 150 сая ам. долларын зээлээ нүүрсээр төлөхийн тулд 150 сая ам.долларын зарлага гаргах шаардлагатай болсон байх жишээтэй. Иймд зардлаа дээд зэргээр багасгахын тулд бизнесийг нэгдмэл тооцоотой болгох, үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэх стратеги зөв юм. Тавантолгой төсөл чухамдаа энэ стратегид нийцэж байгаа бөгөөд хэлэлцээний эцсийн үр дүн гараагүй байна. Төслийн хэрэгжилт бас л биднээс өөрсдөөс минь шалтгаална.
Монгол геологийн хувьд төдийлөн судлагдаагүй газар. Газрын хэвлийд ашигт малтмал байж л байгаа. Гэхдээ тэр нь газар доороо байгаад эдийн засгийн эргэлтэд орохгүй, хүн арддаа үйлчлэхгүй байгаа бол жинхэнэ утгаар бид “алт сандайлсан гуйлгачин”. Газар доор байгаа ашигт малтмалыг газар дээр нь гаргахын тулд асар их зардал, хөрөнгө мөнгийг гаргадаг гэдгийг ойлгож авахгүйгээр уул уурхайг хөгжүүлэх тухай бодохын ч хэрэггүй санагдаж байна. Тийм хөрөнгө мөнгө Монголд байхгүй. Уул уурхайг хөгжүүлье, уул уурхайгаар дамжиж хөдөө аж ахуйгаа өөд татья, аж үйлдвэрээ босгоё, үйлчилгээний салбараа сайжруулья, эрүүл мэнд, боловсролыг дэлхийн жишигт хүргэе, бүхэлдээ улс орон хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой юм.
Өр үүсгэхгүй эрсдлээ өөрсдөө үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ойлгуулах өргөн ажлыг хийхгүйгээр бид урагш явахгүй. Хятадад, мөн өнөөдөр ид хөгжиж байгаа бусад оронд ч гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд бүх түвшний төрийн байгууллага нь яг л шувууны ханиадттай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа мэт онцгойлон, шуурхайлан авч үздэг. Бид үүнд суралцмаар байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар байгалийн баялагаа зөв зохистой ашиглах асуудал гарцаагүй. Үүний тулд олон улсын банк санхүүгийн системийг ойлгох, татвар, нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимыг хүлээж авах, тэдгээрт нийцүүлэн томоохон төсөл боловсруулж сурах, төр хувийн хэвшлийн түншлэлийг түвэггүй зохион байгуулах чадамжийг бий болгох, дэлхийтэй бизнесийн нэг хэлээр ярьж чадах, дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компаниуд бий болгох хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн 2000-2010 оны суперциклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох асуудал бол ойрын 5-10 жилийн эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх бизээ.
М.Энхсайхан
Сэтгэгдэл (3)