Сайншандын салхин паркын барилгын ажил маргааш эхлэхээр болжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь манай улсад хэрэгжих томоохон төсөл бөгөөд 52 мегаваттын хүчин чадал бүхий 27 сэнснээс бүрдэх юм. Барилгын ажлыг 2016 ондоо багтаан дуусгана гэдгийг холбогдох эх сурвалжууд хэлж байна. Энэхүү бүтээн байгуулалтад нийт 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр болжээ. Ингэснээр Монгол Улсын цахилгааны сүлжээнд 52 мегаваттын цахилгааныг нийлүүлнэ хэмээн Сайншанд салхин паркийн захирал Оливер Шнорр хэллээ. Сайншанд нь инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгосон байна. Тус салхин парк нь жилдээ 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх цэвэр эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулан, хоёр сая.м3 орчим цэвэр усны зарцуулалт болоод 50 мянга гаруй тонн нүүрсийг хэмнэх юм байна. Салхин паркын барилгын ажлын явц дуусахад орон нутгаас ажиллах боловсон хүчин бэлтгэх тухай мөн яригдаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)