Цагдаа, шүүх, прокурор зэрэг хүчний байгууллагуудын төсвийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Д.Оюунхорол “од” болов. Уг хурал дээр хамгийн олон удаа үг хэлсэн, санал оруулсан, үл дэмжигдсэн нь тэр бөгөөд өөрийн сонгогдсон Завхан аймгийн хүчний байгууллагуудад хөрөнгө хуваарилуулахаар удаа дараа махран оролдлоо. Ингэснээрээ тэрбээр уг хуралдааны гол баатар аргагүй мөн байсан боловч гишүүн Ц.Нямдорж, Ч.Сайханбилэг, Р.Гончигдорж нарын бодит үндэслэлтэй тайлбарууд Д.Оюунхоролын саналын нэг ёсны эсэргүүцэл болж, баталсан төсвөөс гадуур Завхан руу хэдэн зуун саяар нь хөрөнгө урсгах гэсэн өдий төдий саналыг нь унагаж орхижээ. Тухайлбал тус аймгийн ШШБЕГ-ын контор барихад нэмж хөрөнгө хуваарилуулах гэхэд нь гишүүн Ц.Нямдорж “Дэлхийн банкны хөрөнгөөр тэртэй тэргүй ажил хийгдэж байгаа”, мөн ШШБЕГ-ын ажилчдын орон сууц барихад мөнгө тусгуулах гэтэл нь гишүүн Ч.Сайханбилэг “Ингэж найрлаад байвал энэ улс шартаж үхнэ шүү” гэхчлэн “унтраасаар” эцсийн дүндээ Д.Оюунхоролын ихэнх санал дэмжигдсэнгүй унав. Харин түүний саналуудыг дэмжих эсэх дээр санал хураах болгонд ганцаараа ч хамаагүй гараа өргөсөн ганц хүн нь УИХ-ын хамгийн чимээгүй гишүүний нэг Б.Чойжилсүрэн байсан нь “хөөрхөн” харагдаж байлаа.
Бас нэг “хөөрхөн” зүйл энэ хурал дээр харагдсан нь Д.Оюунхорол гишүүн “францаар ярьсан” явдал байв. Кобан гэдэг гадаад нэрээрээ манайхны дунд яригдах болсоор хэдийнэ хэвшсэн цагдаагийн эргүүлийн бичил байр олноор байгуулах, хөрөнгө гаргах талаар энэ хуралдаан дээр хэд хэдэн удаа яригдсан юм. 1874 оноос Токиод анх гарч ирсэн цагдаагийн эргүүлийн шовгорын тэр үеийн нэр явсаар 100-гаад жилийн хойно манай цагдаагийнхан генерал Б.Пүрэвийн үед Японы мэргэжил нэгтнүүдээсээ туршлага судлахад монгол хэлэнд орж ирсэнийг одоо яг зөв хэлэх нь ховорхон үзэгддэг. Хамгийн сүүлд гэхэд л сайд Ц.Нямдорж хүүхдүүдийнхээ бариулж буй өргөөг цагдаагийн шовгортой адилтган ярихдаа “кабон” гэж, сурсанаараа туусан, түүнийг нь ч мөн хэвлэлүүд сурсанаараа дагаж бичсэн билээ. Кабон гэж нэгэн зүйл компьютерийн тоглоом дэлхийд тархсан нь бий, харин байшингийн том гэдгийг нуухын тулд жижгээр нь жишсэн ч бай ингэж хэлэх нь гоомой юм. Харин өгүүлэгдэн буй байнгын хорооны хуралдаан дээр Д.Оюунхорол гишүүн шулуухан “купон” гэж авав. Яг купон гэх юм бол энэ нь үнэндээ франц үг болж хувирна (coupon гэж бичдэг). Манайхан ч хөнгөлөлтийн купон гэхчлэн хэрэглэдэг болсон энэ үгийг яг энэ утгаар нь орос, англи зэрэг зарим түгээмэл хэлтнүүд зээлдэн авсныг бид мэднэ. Д.Оюунхоролыг франц хэл мэддэггүй, түүнээсээ болж ямар үгийг юу гэж хэлэхээ ялгаж салгасангүй хэмээн баалж байгаа ч юм биш. Гэхдээ монгол залуусыг хэл уснаас авахуулаад үй түймэн зүйлд сургадаг нэгэн зүйл бизнесийг 20 шахам жил эрхэлж байгаа хүн, монголжсон хэлбэрээр нь ч, японоор нь ч зөв хэлэхэд туйлын амархан энэ үгийг “францчилсан” нь “хөөрхөн” харагдсан учраас дуугүй өнгөрч чадсангүй. Б.Бат-Эрдэнэ гишүүн ч мөнөөхөн хурал дээр уг үгийг өөрийн хувилбараар хэлсэн нь сайн сонсогдсонгүй, арай “кабин” гээгүй байгаа. Одоо энэ үгийг хэрхэн дуудахын тухайд ялангуяа манай хууль тогтоогчдын дэвшүүлж болох хувилбар тун цөөхөн үлдээд байна. Алдахад ч хязгаар бий учраас. Үлдсэн байж болох хувилбараас хамгийн “хөөрхөн” нь “кабан” л байх. Ой тайгад амьдардаг нэгэн зүйл зэрлэг амьтныг оросууд ингэж хэлдэгийг “манай хэд” эрхбиш мэдэх байгаа даа даанч.
Б.Бат-Амгалан