Улс төрийн хүрээнд байс гээд папарацци зураг “аюул” тарьдаг нь хэвшил болчихож. Эвгүй позтой, элдвийн агууламжтай зурагнууд нь тэр дороо цахимд хүчээ авч, сайжирч байсан рейтинг нь “сап” хийтэл унагаах нь энүүхэнд. Хамгийн том жишээ нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг. Түүний согтуу бичлэг сонгууль болоход хэдхэн хоногийн өмнө цацагдаж, шуугиан тарьсны дараа тэрбээр ялагдал хүлээсэн билээ.
Өрсөлдөгчид нь байтугай өөрийнх нь нийтэлсэн зураг хүртэл шүүмжлэл дагуулдаг түүний хувьд томоохон сургамж болсон нь гарцаагүй. Гэвч улс төрчид түүний үйлдлээс суралцаагүй бололтой. Энэ жишээ хэдхэн хоногийн өмнө дахин давтагдав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын “эвгүй” зураг цахимд дэгдэж багагүй шуугиан тариадхав.
Түүнийг дуулах дуртай, гитарыг ч бас чамгүй сайн тоглодгийг онцолж байсан. Гэвч цахим хэрэглэгчид түүний нэг үгэнд итгэсэнгүй. Ордны өрөөнд бус охиныхоо өрөөнд гитардсан гэдэгт нь эргэлзэх хүмүүс бас байна. Учир нь Отгонтэнгэр их сургуулийн захирлын өрөө ордонд байх эрхэм гишүүний өрөөтэй тун чиг ижилхэн гэнэ.
Хэн ч харсан “согтуу” гэх дүгнэлтийг өгөх зурагныхаа тайлбарыг тэрбээр хийсэн. Ингэхдээ “Тэр зургийг Төрийн ордон болон БОАЖЯ-ны албан өрөөнд авахуулаагүй. Энэ бол миний өөрийн байгуулсан сургуулийн охины маань өрөө. Сонгуулийн өмнө охиныхоо өрөөнд авахуулсан зураг. Би Төрийн албанд 20 орчим жил ажиллахдаа албан өрөөндөө архи ууж байгаагүй. Тэр зургийг хэн тавьсан, юу хийснийг нь би мэдэж байгаа. Ер нь би чөлөөт цагаараа, ядарсан үедээ гитар тоглох дуртай. Улстөрч болчихсон гээд хоббигоо орхиогүй. Надад олон ч гитарны цуглуулга бий. Хаана ч тоглодог. Ядарсан үедээ гитараа тоглоод хоёр дуу аялахад надад их эрч хүч, энерги өгдөг. Тэр үед зураг авахаар нь “Битгий зураг дараарай” гээд гараа өргөн хаалт хийж байгаа зургийг байгаа нь хүн чанар хаашаа явж байгааг л харууллаа. Бид ингэж бие биеэ хэмлэх аян дайнд мордсон юм байна гэдгийг л ойлгууллаа" хэмээсэн.
Д.Оюунхорол гишүүнийг “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулсан гэдгийг нь мэдэхгүй хүн цөөн. Улс төрийн тогоонд чамгүй хугацаанд “чанагдсан” туршлагатай улс төрч гэдгийг ч сайн гадарлана. Тиймдээ ч эрхэм гишүүний ойр дотныхон түүнийг шударга, зарчимч хүн. Согтууруулах ундаа хэрэглэх нь бүү хэл амсдаг ч үгүй гэлцдэг.
Хайлтын системээр амархаан гэгч нь гарч ирэх түүний зурагнуудыг дуулиан тарьсан зурагтай харьцуулбал өрөөний хана, өлгөсөн зураг, тахисан туг нь байрлалын хувьд гайхмаар ижилхэн юм. Үүнийг нь ажсан цахим хэрэглэгчид яаруу сандруу мэдэгдэл хийснийг нь ойлгож ядан “Эрхэм сайд энгийн зүйл дээр барьц алдлаа. Өнөөг хүртэл худлаа яриагүй гэх төрийн түшээ түмнийхээ өмнө ингэж ярьж байгаагийн цаана харин юу нуугдана вэ” гэцгээж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (73)