Энэ жил Завхан аймагт УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нэр дэвшихээр болж, Ш.Сайхансамбуу гишүүн ард нь гомдолтой үлдсэн билээ.
МАН-ын нэр дэвшигч тодруулах Бага хурал дээр Д.Балдан-Очир гишүүнийг уйлж байгаад тойрог авсан гэх яриа гараад байсан. Түүнд тойргоо алдсан Ш.Сайхансамбуу гишүүн " Удирдах зөвлөлөөр намайг нэр дэвшүүлэхээр болсон байхад Д.Балдан-Очир хор найруулж гарч ирсэн" гэж мэдэгдсэн. Тэрбээр "Нэр дэвшиж чадахгүй нь гээд Д.Балдан-Очир шиг архи тарааж, уйлж гүйхгүй" гэсэн хор шартай үгийг хэвлэлээр дайжээ. Тэгвэл энэ тухайд эрхэм гишүүн Д.Балдан-Очир цаг алдалгүй тайлбар хийжээ. Тэрбээр " Хурал орхиж гараад уйдаад байхаар нь Ж.Сүхбаатар гишүүний өрөөнд орсон. Тэгэхэд "Авъяаслаг хятадууд" тэмцээний Уудам хүүгийн дуулахыг сонсоод өөрийн эрхгүй уйлсан. Тэр хүүхэд би дүрээрээ байхгүй юу" гэсэн байна. Ш.Сайхансамбуу гишүүний тухайд "Би авлигачдын дунд сууж байна гэж ирээд үргэлж хачин юм ярьдаг хүн шүү дээ" гэж өөрийн дүгнэлтээ хэлжээ. Тэдний энэ мэт тойргийн төлөөх гомдол ба тэмцэл сүүлийн өдрүүдэд тасрахгүй бололтой. Уг нь нэг нам, нэг тойргийн төлөө гэсэн бол ингэж хэмлэлдэх ёсгүй гэж ярих хүн олон байна. Намынхан нь ч энэ хоёрыг муудалцаж эхэлсэнд зарим нь шоолж, зарим нь дургүйцэж эхэлсэн аж.