Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн тэгш ой 2024-2025 оны Ротарийн жилд тохиож байна. Түүхэн цаг хугацааг тэмдэглэн өнгөрүүлэх их ажлын нээлтийг 2024 оны 11-р сарын 23-нд Олон улсын Ротари байгууллагын Ерөнхийлөгч Хатагтай Стефани Урчик Монгол улсад зочилсон энэ өдрөөр эхэлж, Монголын Ротари клубуудын 30 жилийн хугацааны түүхэн ололт, амжилтыг харуулсан үзэсгэлэнг 11-р сарын 23-30-ний өдрүүдэд Чингис Хаан Үндэсний музейд гаргаж олон нийтэд толилуулж байна.
1995 онд Монгол Улсад анхны Ротари клуб “Улаанбаатар Ротари” нэртэйгээр байгуулагдаж, энэхүү 30 жилийн хугацаанд 22 Ротари клубийн 500 гаруй идэвхтэй гишүүнтэй, 14 Ротаракт клубийн 400 гаруй бүртгэлтэй залуучууд, 23 Интеракт клуб—д сургуулийн насны 700 гаруй сурагчид хамрагдаж нийт Монголын Ротари гэр бүл өнөөдөр 1600 гаруй дэмжигчидтэй томоохон байгууллага болжээ.
Энэ хугацаанд Монголын Ротаричууд Олон Улсын Ротари Сан, гадаад орны эгч дүүс клуб, дэмжигч гишүүд, хамтрагч нарын хамтаар нийт 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төсөл хөтөлбөрүүдийг эх орондоо хэрэгжүүлсэн байна.
Ротаричууд “Энх тайвныг бэхжүүлэх, эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, цэвэр усны хангамжийг сайжруулах, суурь боловсролыг дэмжих, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” гэсэн үндсэн 7 чиглэлээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.
Үйл ажиллагааных нь үндсэн чиглэлүүдийн хүрээнд 2005 оноос хэрэгжүүлсэн “Монголоо Ойжуулья” /Keep Mongolia Green/ төсөл 5 аймагт, 300 гаруй хүүхдийн зүрхний мэс засал, бөөрны чулуу бутлах лазерын тоног төхөөрөмж, компьютерийн анги танхимууд, сургуулийн номын сан, ариун цэврийн өрөөны засвар, шинэчлэлт, ундны усны худаг, баррел үсгийн төхөөрөмж, нярайн скрийнинг аппарат, залуучуудад мэргэжлийн боловсрол олгох олон улсын сургалт, оюутан солилцооны хөтөлбөр зэрэг олон чухал төслүүд амжилттай хэрэгжжээ.
Монголын Ротари Хөдөлгөөний санаачлагч, анхдагч, Улаанбаатар Ротари клубийн үүсгэн байгуулагчдын нэг Ч.Ганболд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэрээр “Бидний хэдэн залуу Монголд Ротари клуб байгуулах ёстой юм байна, олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөнөөс ангид явж болохгүй юм байна гэж ойлгоод анхны Улаанбаатар Ротари клубыг байгуулж байсан юм. Тухайн үед нарийн зүйлийг нь мэдэхгүй ч олуулаа байвал ядарсан, хэрэгцээтэй байгаа хүмүүст туслаж, олон үйлсийг хамтарч хийж болох юм байна гэдгийг мэдэж байсан. Тэр бүр засаг төрийн хийж хүрэхгүй байгаа салбарт очиж туслаад, өөрсдөө санаачлаад, түүчээ нь болоод явах боломж байдаг юм байна гэдгийг тэгэхэд ойлгосон юм.
Олон улсын Ротари бол асар том гэр бүл. Бид Монголд Ротари байгууллагыг үүсгэн байгуулсанаар дэлхийн хэмжээний том гэр бүлийн нэг хэсэг нь болсон. Гэхдээ бид ганц урсгалтай зам биш. Бид дэлхийд болж байгаа үйл явдалд бололцооныхоо хэрээр тусалдаг. Тухайлбал, Японд газар хөдлөлт боллоо гэхэд монголчууд бид тусалдаг. Дэлхийн аль нэг улс үеэр усанд автаад ард иргэд нь зовж байхад бид туслаад, нэг хэсэг нь болоод явдаг.
Олон улсын Ротарийн Ерөнхийлөгч Стефани А Урчик: Өнөөдөр бид 30 жилийн өмнө Монголд ирсэн гайхамшигт агшныг тэмдэглэж байна. Монголын 22 клуб дэлхийд ид шидийг бүтээж байгаа бүх клубуудын нэг хэсэг билээ. Ротарийн ид шид яг энд, та бүгдийн клубт болдог. Төсөл хэрэгжүүлэх, шинэ гишүүн элсүүлэх, Ротари санд хандив өгөх гээд тэр бүхэн ид шидийг бүтээж байна гэсэн үг.
Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн Захирагч Найжил Ло: “Ротари бол нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л төслүүдийг дэмждэг. Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбарт илүү анхаардаг. Тэр дундаа нярайн эндэгдэл, эх хүүхдийн эрүүл мэнд чиглэл рүү анхаардаг нь Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжиж цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах зорилготой байдаг. Мөн байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, байгаль орчны чиглэлд маш олон мод тарьж ургуулсан байна. Энэ нь Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгын хүрээнд томоохон хувь нэмэр гэж харж байгаа.
Монгол Улсын хувьд цаашдаа гишүүнчлэлээ өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна, мөн төсөл хөтөлбөрөө ч илүү өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсээр байна гэдэгт эргэлзэхгүй байна, учир нь төсөл хөтөлбөр болон гишүүнчлэл нэмэгдсэнээр илүү олон хүн Ротари хөдөлгөөнд нэгдэж, илүү их нөлөөллийг бий болох боломжтой болно гэсэн үг”.
Цаашдаа Монголын Ротари клубүүд бие даасан Дүүрэг болох дүүрэн хүсэлтэйгээр 30 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Дүүрэгт харьяалагдах нийт клубын тоо 50 болж байж Дүүрэг болох шаардлагыг хангадаг ба одоогоор 22 Ротари клубтэй Монгол Улс Хонконгийн 3450 Дүүрэгт харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагад нэгдэх Монголын Ротари клубуудын тоо улам олон болж хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг илүү хэрэгцээтэй газар нь бүр олон хүнд хүргэх цаг удахгүй ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.