БАРИМТ 1
Намнан овогтой Наранбаатар 1975 оны гуравдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төржээ.
БАРИМТ 2
Тэрбээр төмөр замын унаган хүүхэд. Бага байхдаа Пионерийн ордонд явдаг байсан гэдэг. Ангийнхан нь түүнийг Пара гэж дууддаг байснаар өнөөг хүртэл Пара гэж нэрлэгдэх болсон.
БАРИМТ 3
Багадаа Гүррагчаа шиг л сансарын нисгэгч, том цагаан хөлгийн бүхээгт сууж тэнгэрээр дүүлэхийг мөрөөддөг байжээ. Харин дунд сургуулийн урлагийн үзлэгээр шог гараанд тоглоод л жүжигчин болохоор гэнэт шийдсэн аж.
БАРИМТ 4
Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг 1994-1998 онд жүжигчин, найруулагчаар төгссөн.
БАРИМТ 5
Тэрбээр 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхолт. Монгол Улсын ерөнхийлөгчөөс "Алтан гадас" одон авч байсан. Мөн 2021 онд Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.
БАРИМТ 6
Гэгээн Муза"-гийн шагналыг бараг тэр чигт нь хамж орхисон "Тэнгэрийн хүү" жүжгийн найруулагч юм. Мөн 2012 оны “Гэгээн муза” наадмын “Шилдэг найруулагч” болсон. Энэ жил ч мөн Н.Наранбаатарын “Ромео Жульетта” “Гэгээн муза” наадмын Гранпри хүртсэн юм. Энэ жил "Тэнгэрийн хүү" жүжиг дахин тоглогдож буй.
БАРИМТ 7
Тэрбээр авсан шагналынхаа тухай "Би өөрийгөө үнэлүүлэх гэж шагнал авдаггүй. Уран бүтээлийг минь үнэлж байгаа урамшуулал гэж ойлгодог. Надад өгсөн юм биш. Бүтээлээрээ л авч байгаа юм. Би хэзээ ч арын хаалгадаж үзээгүй. Надад өгөөч гэж гуйгаагүй. Бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх сайхан л байна. Хэдийгээр тэр шагналууд шавар баримал боловч надад хайрлаж байгаа урам. Энэ шагналаа би идэхгүй. Идье гэсэн ч мөнгө болохгүй. Үр хүүхэд, хойч үеийнхэнд л намайг бүтээлч хүн байсныг гэрчлэх баримт болж үлдэнэ гэж ойлгодог" гэсэн байдаг.
БАРИМТ 8
Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж түүнээсээ "кайф" авдаг аж. Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бүтээлүүдийг шимтэн цуглууддаг аж.
БАРИМТ 9
Тэрбээр өдгөө Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагчаар ажилладаг бөгөөд энэ долоо хоногт түүнийг УДЭТ-ын захирлаар томилсон юм.
БАРИМТ 10
Н.Наранбаатар найруулагч хэмээх их албанд орохын тулд олон шалгуур туулсан гэдэг. СУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн шинэхэн төгсөгч "Бооцоо" жүжгийг тайзнаа амилуулан үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнийхээ ачаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч болох эрхээ хүртсэн билээ.
БАРИМТ 11
Тэрбээр "Бооцоо", "Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет”, "Анна Каренина" сонгодог жүжиг зэрэг уран бүтээлүүдэд найруулагч хийж, заримд нь тоглосон байдаг.
БАРИМТ 12
Хэлэх дуртай үг: Александр Блокын “Бид жинхэнэ номыг захын хогон дундаас ялгахад маш хэцүү. Яагаад гэвэл тэд бүгд номын дүртэй. Бүр зарим нь жинхэн номноос илүү гоё хавтастай тавигдсан байдаг гээч” гэж хэлсэн байдаг. Түүн шиг жинхэнэ бүтээл бол жинхэнэ л байдаг юм. Мөн О.Дашбалбарын хэлсэн Доромжлуулах тусам би долоо бурхан од шиг гялалзана, гүтгүүлэх тусам би гүн шөнийн од шиг тод гэрэлтэх болно гэсэн үгийн бодож явдаг.
БАРИМТ 13
Тэрбээр эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг нь Л.Гантуяа гэдэг. Түүний гэр бүл 2010 оны “Манлайлагч залуу” гэр бүлээр тодорч байсан юм.
БАРИМТ 14
Жүжигчин байна гэдэг түүний хувьд: Жүжигчид хvний амьдралын сайн мууг тайзнаа амилуулж, бусдад хэрхэн амьдрах ёстойг тайзнаас ухааруулж өгдөг юм болов уу гэж боддог юм. Жүжгийн урлаг өөрөө их ариун ертөнц. Энэ сайхан зүйлийн цаад мөн чанарыг ойлгоно гэдэг нэг талаар туйлын азтай хэрэг. Мэдээж жүжигчний мэргэжил сайхан ч нөр их хөдөлмөрийн үр дүнд тайзнаа амилж үзэгчдэд хүрдэг. Хүнийг судлана гэдэг хэцүү байдагтай адил жүжгийн урлаг ийм л байдаг.
БАРИМТ 15
Амьдралдаа баримталдаг зарчим: Хүн болж төрснийх эргээд харах мөртэй, нэр цэвэр амьдрах. Нэр төртэй сайхан амьдарч, дурсах амьдралдаа толбогүй байх л хэрэгтэй. Хүнийг их бага гэж ялгахгүй байх нь миний амьдралын философи.
Сэтгэгдэл (16)