"Боловсролын салбар дахь эмч нарын эрүүл ирээдүй" холбооноос мэдээлэл өглөө.
Мэдээлэлд дурдсанаар, "БШУ болон Сангийн яамны сайдын 2018 оны А02411 тоот тушаалаар орон нутгийн сургуулийн эмч нарыг ажлаас халж буй асуудал гарч байна. Үүнд 481-ээс доош сурагчтай сургуульд эмч байлгахгүй гэж тусгасан байгаа юм. Энэ тушаалаар 30-аад эмч ажлаасаа халагдаад байна. Энэ бол эмч ажилгүй болж байгаа ч юм биш. Хүүхдийн эрхийн асуудал давхар хөндөгдөж буй.
481-ээс бага хүүхэд суралцаж буй сургуулиудын сурагчдын өрх болон сумын эрүүл мэндийн төвөөс цаг тухайд нь хариуцаад явна гэдэг нь хүндрэлтэй.
Сургуулийн эмч хамгийн түрүүн суралцах орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг шалгадаг. Мөн хүүхдүүдийн эрүүл мэндэд тогтмол үзлэг хийдэг. Тиймээс сургууль цэцэрлэгийг эмчгүй болгоно гэдэг ойлголт байж болохгүй. Энэ бол буруу. Өнөөдөр хүүхдүүд эрүүл мэндээ хэнээр хамгаалуулах юм бэ, хоолны асуудалд нь хэн анхаарал тавих юм бэ гэх зэрэг олон асуудал байна. Үүнтэй холбоотой шаардлагыг БШУЯ-д удаа дараа хүргүүлсэн боловч ямар ч хариу ирүүлээгүй. Хэдхэн эмчийг ажлаас нь халаад төсөв хэмнэчихэж байгаа юм биш.
Боловсролын салбарт сургуулийн эмч нар хөдөлмөрөө мөлжүүлж байна. Урамшуулал, ур чадвар, үр дүн, орон нутгийн нэмэгдэл ч байхгүй. Ажиллах нөхцөл ч хэцүү. Зарим сургуулийн эмч нар даралтын аппарат, өндөр жин хэмжих хэрэгсэл, наад захын боолт эм ч үгүй л ажиллаж байгаа шүү дээ. Төсөв ч тавьж өгдөггүй. Хүүхдэд анхан шатны тусламж үзүүлэх арга байхгүй. Зарим нь өрөө ч үгүй л байгаа.
Эмч нараа дэмжээд байдаг сургууль цэцэрлэг байгаа. Гэтэл зарим нь хэзээ ч дэмждэггүй. Тиймээс өнөөдөр нийслэлийн сургууль цэцэрлэгийн 10 орчим хувь нь эмчгүй байгаа. Сургуульд ихэвчлэн тэтгэврийн насны хүмүүс эмчээр ажиллаж байна. Залуу эмч нар ажиллая гэсэн ч цалин бага, орчин хүнд. Үүнд боловсролын яам анхаарал хандуулах хэрэгтэй.
Баян-Өлгий, Ховд, Завхан, Увсад ажлаасаа халагдсан эмч нар байна. Говь-Алтайд 8 эмчийг цагаан сарын дараа ажлаас нь халсан" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)