Амралтын өдрүүдэд болсон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.
Хасын Хүлэгүүдийн ялалтаар МСБХ-ны Үндэсний Дээд Лиг өндөрлөлөө
Өнгөрөгч 17-ны өдөр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирал дуусч аваргын цомыг Хасын Хүлэгүүд баг авлаа. Аваргын цувралд 1-р шат BHC Гарьд багийг , хагас шигшээ Эрдэнэт Майнерс, аваргын төлөө Бишрэлт Металлыг ялж багийн түүхэнд найм дахь аваргаа авлаа.
Энэ үеэр багийн тоглогч Билгүүн: “миний карьертаа авсан хамгийн хүнд цувралууд байлаа” гэсэн юм. Мөн багийн лигейнор тоглогч Дивайн Майлс финалыг MVP шагналыг хүртэв.
"АЛТАН ЦОМ"–ын “БҮХ ОДДЫН БАРИЛДААН” боллоо
Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон арван хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн тамирчид 5.000.000 төгрөгийн шагнал гардсан юм.
Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авсан юм. Мөн барилдааны үеэр Хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам гурван үзүүлэлтийн нийлбэр амжилтаар түрүүлж, 2.000.000 төгрөгийн эзэн боллоо.
"АЛТАН ЦОМ"-ын барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд Даян аварга Н.Батсуурийн баг 15-10-аар ялалт байгууллаа. Тус багийн бүрэлдэхүүн:
- Дасгалжуулагч У.Г Д.Рагчаа
- Д.А Н.Батсуурь
- У.З Б.Бат-Өлзий
- У.Х Б.Зоригтбаатар
- У.Г Ц.Бямба-Отгон
- У.Н Д.Амарсайхан
- У.Н Э.Батмагнай
- У.Н Э.Сумьяабат
Тэнгисийн эрэг дээрх 247 шинэхэн оролцогчдоо хүлээн авлаа
Central телевизийн “ Тэнгисийн эрэг дээрх 247” шоу нь гуравдугаар сарын 2-ны өдөр анхны дугаараа цацсан ба үзэгчдийн дунд нэлээдгүй шуугиан тариад буй. Тэгвэл уг шоуны анхны 10 оролцогчдоос оролцогчдын дунд санал асуулга явуулан хоёр оролцогчийг хассан ба үүнд шоуны турш зохиогдсон тэмцээн бүрт амжилттай оролцож байсан Б.Энхзаяа мөн шоуны нүүр царай болсон байсан А.Чинхүслэн хасагдсанаар тэд дахин шинэ оролцогчид хүлээн авлаа. Тэгвэл шинээр орж ирсэн оролцогчдыг танилцуулъя.
- Б. Бүжинлхам 22 настай маркетенгийн менежер мэргэжилтэй
- М.Намуун 25 настай дуучин
- Э.Баттамир 31 настай бизнес эрхлэгч
Rokit Bay “ПУУЖИН БАЯРАА” тоглолтоо зарлалаа
Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан 2024.03.13-ны өдөр 19:00 цагт “Жингүйдсэн пуужин” гэх шинэ уран бүтээлээ цацсан ба мөн тэрбээр ирэх есдүгээр сарын 14-нд “ПУУЖИН БАЯРАА” нэртэй тоглолт хийхээ мэдэгдэв.
Шинэхэн уран бүтээлийнхээ талаар тэрбээр “Цаг хугацааг дагаж ирсэн хувь хүний өөрчлөлт болон зохиолчид тохиолддог бэрxшээлийн талаар өгүүлэх, шинэ цомгийн эхний дуу “Жингүйдсэн Пуужин”-г хүлээн авна уу” хэмээжээ.
Сануулахад, Реппер FLA буюу Б.Жавхлантөгс “Ёотон” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Rokit Bay-ийн дуунуудад дуртай биш. Хүмүүсийг ч гэсэн дуртай байхаа болиосой гэж боддог” хэмээн хэлсэн. Үүний дараа тэрбээр “Podcast Room” гэх нэвтрүүлэгт оролцохдоо Rokit Bay-ийн талаар дахин сөхөж, түүнтэй дуугаар өрсөлдөхөө илэрхийлж сонсогчдын уур бухимдалыг төрүүлээд байгаа билээ.
Г.Хоролмаа