Монгол Улс ээдрээт үеийн ард, орчин цагийн Зэвсэгт хүчнийг бэхжүүлсээр өдгөө 103 жилийн нүүрийг үзэж буй. Эх орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах зорилготой эл салбар улам хүчирхэгжин бэхжих учиртай билээ. Цэргийнхэн бол цаг нь тулаад ирэхэд эх орон. Эх орондоо бид итгэл алдарч үл болно. Хоёр том улсын дунд тусгаар тогтнолоо тунхаглан оршсоор байгаа нь гадаад бодлого болоод зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой нь чин үнэн юм.
Эх орны өсгөн бойжуулсан дайчид дэлхийн тайван бус халуун цэгт хүний амь насыг авран хамгаалж, эрэлхэгээр энхийг сахиулсаар байна.
Өнөөдөр "Монгол цэргийн өдөр". Иймд уншигчдадаа Зэвсэгт хүчинд зүтгэж, амьдралынхаа ихэнх он жилүүдийг өнгөрөөж буй ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа болон Зэвсэгт хүчинтэй амьдралынхаа он жилийг холбохоор сэтгэл шулуудсан ахлагч П.Отгонбаяр нарын цэргийн амьдралын тухай хүүрнэсэн цөөн хормын ярилцлагыг хүргэж байна.
ЗХЖШ-ын Холбооны хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа: ЦЭРГИЙН АЛБА ЭХ ОРОНЧ, СЭТГЭЛИЙН ХАТТАЙ ИРГЭНИЙГ БЭЛТГЭДЭГ
"Эх орноо батлан хамгаалах журамт үүрэг бидэнд бий. Хугацаат цэргийн нэг жилийн амьдралд тэд эх оронч үзэлтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй, сайн сайхан хүмүүс болж төлөвших учиртай. Энд багийн ажиллагаа, нөхөрлөлийн үнэ цэн, хүмүүсийн бие биедээ гаргаж байгаа сэтгэлийг таньдаг болоод л буцдаг.
Одоо цаг үе өөр болсон. Идэж, уухаас эхлээд амьдардаг орчин хүртэл өөрчлөгдсөн. Харин мэдээлэл технологийн дэвшилтэт ийм үед хүмүүс хоорондын харилцаа их хөндий болжээ. Сэтгэлийн хаттай иргэнийг цэргийн алба бэлдэх ёстой. Цэргийн алба хаагчид хүний зодуур биш. Энд байгаа офицер, ахлагч нар хэн нэгнийг зоддог хүн байж болохгүй.
"Эрхэм байлдагч" гэж харьцах номтой шүү дээ. Бид цэргүүдээ хайрлах ёстой.
ЗХЖШ, БХЯ болон бүгдээр цэрэг эрсээ эрсдэлгүй, аюулгүй байлгахад анхаарах зүй ёсны шаардлага тулгараад байна. Миний цэрэгт алба хааж байсан үеийг бодвол харилцааны хувьд залуу үеийнхэн их эелдэг болсон шиг санагддаг. Бүх асуудал харилцаан дээр тогтдог гэдгийг ойлгох ёстой үе ирсэн".
Ахлагч П.Отгонбаяр: ЦЭРГИЙН АМЬДРАЛД БИ ХАЙРТАЙ, ЭНДЭЭС ОМОГШЛЫГ МЭДЭРДЭГ
-Би Дундговь аймгаас татагдаж ирж байлаа. Одоо хоёр жил болох нь. Манай ах дүү, хамаатан саданд цэргийн мэргэжилтэй хүн байгаагүй учраас цэргийн албаны тухай ойлголт бага байсан. ҮБХИС, ДХИС-д сурна гэсэн бодолтойгоор ЭЕШ-аа өгсөн. Тэр үед зарлан ирээд л цэргийн албанд мордсон юм.
Цэргийн амьдралд би дуртай, хайртай. Энд байхдаа омогшлыг мэдэрдэг. Өөрөө л чадвал бүх зүйл танд үүдээ нээнэ. Би цэрэгт ирэхээсээ их давилуун, түргэн ууртай байсан (инээв). Олон хүнтэй харьцаад өөрийнхөө занг дарж, засаж авсан гэж боддог.
М.Жаргал