Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Бид долоо хоног бүр тэр "хувирал"-ын тухай өгүүлдэг билээ.
Богд уулын аманд байрлах "сууж амрах" зориулалттай сандлыг юу ч үгүй эвдэж, дэргэд нь гал ноцоож байгаад явчихсан хэн нэгний тухай нэгэн иргэн цахим хаягтаа бичжээ. Тодруулбал, "Богд уулын амрах сандлыг түлээд хажууд нь суусан байна. Энэ нөхөд одоо нэг их ухаантай царайлаад явж байгаа байх даа. Өнөөдрийн зарим монголчуудын нүүр царай нэг иймэрхүү" гэсэн байна. Өчигдөр ч үүнийг сонссон хүмүүсийн инээх нь инээж, ханиах нь ханиаж, хараах нь хараав.
Чухамдаа бид аминч үзлийн мананд төөрч, нийтийн гэх, олуулаа гэх, хамтдаа гэх ямар ч зүйлгүй болжээ. Энэ хотод амьдралын чөлөө завгүй урсгалаас сэтгэл зүрхээ хоромхон татаж авахад зориулсан газар төдий л их биш. Гэтэл ууланд алхдаг хүмүүсийг ядарч явахдаа түр амсхийх сандлыг нь хүртэл булаачихаж. Бид нэг нэгнээсээ тав тухыг нь эл маягаар булаасаар байдаг. Зарим нь тов тодорхой бол зарим нь далдаас далд л болж өнгөрнө.
Үнэн хэрэгтээ бэлэнчлэх сэтгэлгээ нэвт ханхлуулсан энэ үйлдэл бол миний биш бусдынх, надаас биш бусдаас гарна гэх үзэл мэт. Ийм өлсгөлөнгөөс сандал байтугай бүтэн хүнийг залгиад ч салж чадах нь юу л бол. Өдгөө хорин нэгдүгээр зуун, оюун ухаант хүн төрөлхтөн хэмээгдэнэ. Гэвч адгууснаас ч түмэн дор үйлдэл гаргасаар байгаа нь сэтгэл зүрх хийгээд сэтгэлгээний гүн доройтолд орж буй нь илрэл ч биз.
Юмс ихэнхдээ илүү сайжран хувьсан өөрчлөгдөх нь элбэг. Атал хүмүүс бид улам муужран юмсыг элээж байна уу? бодох цаг...
М.Жаргал