Монгол Улсын сагсанбөмбөгийн залуу тамирчдад АНУ-ийн их сургуулийн сагсанбөмбөгийн багуудаас санал ирсээр байна. Тухайлбал, энэ онд сагсчин С.Ган-Эрдэнэд Охайо, Бобкатс, Иллинойс Файтинг зэрэг сагсанбөмбөгийн багуудаас санал ирээд байсан бол дахин Ратгерсийн их сургуулийн багаас санал илгээжээ.
Мөн Этүгэн Ирвэсүүд багт тоглож байсан Ч.Пүрэв-Очир өнгөрсөн жил Этүгэн болон Япон улсын Хагура ахлах сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Хагуро ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байгаа юм. Ч.Пүрэв-Очир өдгөө 16 настай, 206 см өндөр, төвийн байрлалд тоглодог ирээдүйтэй сагсан бөмбөгийн тамирчин юм.
Түүний суралцаж буй Хагуро ахлах сургууль нь АНУ-ын Austin Peay Их сургуультай тамирчны хөтөлбөрөөр хамтран ажиллах болсноор Ч.Пүрэв-Очир ахлах сургуульдаа өөрийгөө батлан харуулж, дасгалжуулагч, шинжээчдийн нүдэнд өртөж чадвал NCAA-д тоглох бүрэн боломжтой болжээ. Тус Austin Peay Их сургуулийн сагсанбөмбөгийн баг Governors нь NCAA-ийн Division1-ийн Atlantic Sun бүст өрсөлддөг олон жилийн түүхтэй баг юм.
Г.Хоролмаа