Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.
Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоохоор болов.
Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын засвар, арчлалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Эрдэнэ-Очир ярихдаа “Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос түр зогсоож байна. Учир нь хавар, намрын хөлдөлт, гэсэлт явагдаж буй энэ үед авто замын ачаалал даах чадвар буурч, эвдрэл гэмтэл ихээр гардаг. Засгийн газрын тогтоолоор задрах боломжгүй ачаа тээврийг нэг удаа төлбөр төлөөд тээвэрлэж болдог. Өнгөрсөн жил авто замын засварлалтад 56 тэрбум төгрөг төсөвлөсөн. Бидний тооцоолсноор 113 тэрбум төгрөг шаардлагатай байна.
Өнгөрсөн жил анх удаа зам засварын арчлалтад 35 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнд тэмдэг тэмдэглэгээг засах, авто замын жижиг нүхийг бөглөх зэрэг ажил багтдаг. Өмнөх жилүүдэд авто замын их засварт төсөв тавьдаггүй байсан. Өнгөрсөн жил Ерөнхий сайдтай уулзах үеэрээ авто замын ээлжит болон их засвар хийх шаардлагатайг уламжилсан. Цаашид жил бүр тодорхой хэмжээнд авто замын урсгал засварт төсөв тавьж явах болно. Мөн өнгөрсөн жил үер уснаас улбаатай зам эвдрэх, гүүр угаагдах зэрэг эвдрэл гэмтэл их гарсан. Тиймээс зам засварын ажилтнууд 24 цагаар ажиллах шаардлагатай болсон” гэлээ.
Засгийн газраас олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.
Иймд дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг Автотээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна.