Суурьшлын бүсээс мал гаргаж буй ажлын талаар холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд 3051 малыг хашаалж эздэд нь хүлээлгэн өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд хориглосон бүсэд малгүй болсон. Үүнээс хойш малаа дахин хориглосон бүс рүү оруулахгүй байгаа малчид байна. Гэтэл дахиад малаа оруулж журам зөрчиж буй хүмүүс байгаад байна. Зуслангийн бүсэд Дашпунцагийн Баярсайхан гэдэг хүний адуу мал их орж ирж байна. Өөрийнх нь 305 тооны адуу, ах дүү нарынхтайгаа нийлээд 400 гаруй тооны адуу байна. Өнөөдөр дахиад хориглосон бүсэд ороод ирчихсэн байна. Д.Баярсайхан нь өөрөө гадаад байдаг. Иймд ах дүү, хамаатан садан нь адууг нь маллаж байдаг юм байна. Ухамсар дорой иргэд хориглосон бүсэд малаа оруулснаар энэ бүсэд амьдардаг иргэдэд хүндрэл учруулж байна. Үүнээс гадна,
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн С.Баяраа 172 тооны адуу
- Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн Б.Төмөрчөдөр 120 тооны адуу
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Б.Дондогдорж 300 тооны адуу
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн н.Жанчив 200 тооны адуу байнга хориглосон бүсэд орж ирдэг байна. Цагдаагийн байгууллага авах арга хэмжээг аваад явж байгаа. Иргэд ч мөн хориглосон бүс рүү оруулахгүй байхад анхаармаар байна. Хориглосон бүсэд малаа оруулсан иргэнийг 1 сая төгрөгөөр торгож байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)