Монголын допингийн эсрэг байгууллагад үүсээд буй нөхцөл байдлын талаар Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, Допингийн эсрэг хорооны гишүүн Н.Цогтсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Допингийн эсрэг үндэсний байгууллага анх 2007 онд Допингийн эсрэг төв нэртэйгээр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсны нэг гишүүн нь би. Уг байгууллага 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр байгууллагын нэр болон үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдийг солих хурлыг хийхдээ миний бие болон тухайн үед үүсгэн байгуулалцаж байсан өөр нэг гишүүний гарын үсгийг хуурамчаар үйлдээд үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн. Бид өөрсдөө мэдээгүй атал тэр хуралд оролцоод өөрсдийгөө чөлөөлөх санал өгөөд тогтоол дээр гарын үсэг зурсан гэсэн үг. Үүнийг АТГ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш шалгаад гарын үсэг зөрүүтэй байна гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тогтоосон. Шинжээчийн дүгнэлтийн үндсэн дээр УБЕГ хоёрдугаар сарын 20-ны өдөр тухайн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Допингийн эсрэг үндэсний байгууллага УБЕГ-т гомдол гаргаж шийдвэр нь гуравдугаар сарын 6-нд гарсан.
Тэр шийдвэр нь тус байгууллага УБЕГ-т дахин нэмэх, хасах бүртгэл хийх хориг тавигдаж бичиг баримт болон тамга тэмдгээ авах боломжгүй болсон. АТГ болон УБЕГ хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргасан ч бид бичиг баримт болон тамга тэмдгээ авч чадаагүй учир Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа гацаанд орсон. Одоо МҮОХ-нд бүх эрх нь байгаа учраас шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Миний бие Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ болон Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, Монголын паралимпын хороонд хүсэлт илгээсэн. Асуудлаа яаралтай шийдвэрлэж, энэ байгууллагын үйл ажиллагааг гацаанаас гаргамаар байна” гэв.