Улаанбаатар хотын үерийн аюулын үнэлгээг хийснийг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцууллаа. Үерийн аюулын үнэлгээгээр Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг маш их, Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Багахангай, Налайх дүүрэг бага гэж гарчээ.
Халиа тошин, шар усны үерт өртөх байдлын үнэлгээгээр их гэсэн түвшинд 3,947 объект өртөхөөр гарсан байна. Улаанбаатар хотод жилд хүн ам 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75% нь хөдөө орон нутгаас шилжин ирж, голын сайр, жалга, судгийн дагуу суурьшиж үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна гэж үзжээ.
Түүнчлэн Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж гарчээ. Мөн үерийн өртөх эрсдэлтэй 464 айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 150, Чингэлтэй дүүрэгт 139, Сонгинохайрхан дүүрэгт 135, Сүхбаатар дүүрэгт 40 айл бай агаад нүүх шаардлагатай айлуудад суурьших газрыг нь зааж өгч байгаа аж.