"Эмчийн жороо өгөөрэй" гэдэг үгийг эмийн санд сонсоогүй хүн төдий л үгүй болов уу. Зарим үед жортой цаасаа орхих, хаяж үрэгдүүлэх тохиолдол бишгүй гардаг билээ. Тэгвэл эмч нар жороо цахимаар бичдэг болвол иргэдийн цаг хугацааг хэмнэхээс гадна иргэдэд үйлчилгээгээ түргэн шуурхай авах нөхцөл боломж бүрдэх талтай юм.
Эмч болон иргэд, иргэд болон эм зүйчдийн хооронд "Зөвхөн жороор олгох эм"-ийг маягтгүйгээр авахыг хүсдэг, жороо гээгдүүлсэн тохиолдолд дахин эмнэлэг, эмч рүүгээ явж очдог зэрэг асуудлууд үүсдэг байна. Эл чирэгдэл нь нийгмийн бас нэгэн стресс болж буй.
Чухамдаа техник технологи минут, секундаар үл хэмжигдэн асар хурдацтай хөгжиж байгаа энэ үед цаасан хэлбэрт буй зарим эрүүл мэндийн үйлчилгээнүүд цахимжсанаар эмнэлэг-эмийн сан, эмийн сан-эмнэлэг рүү үе, үе явж, үрэгдүүлсэн маягтаа дахин авах гэж дараалалд зогсох шаардлагагүй болно гэсэн найдлага бий.
Түүнчлэн цаасан баримт бичгийг хадгалах нь хүн бүрд тийм ч амар хялбар бус. Үүнтэй холбогдуулан бид эм зүйчдээс байр суурийг нь тодрууллаа. Тэдний хэлж буйгаар эмчийн жорыг цахимаар олгодог болчихвол аль, аль талдаа амар байхаас гадна зарим үл ойлголцох асуудал үгүй болно гэдгийг хэлж байлаа.
Тухайлбал, эм зүйч Б.Мөнхцэлмэг хэлэхдээ, "Хүмүүс орж ирээд жороо хаячихлаа, би авах эмээ мэдэж байна, зүгээр өгчих гэдэг. Одоо эмчийн жор цахим болчихвол эдгээр асуудал гарах нь багасах болов уу гэж бодож байгаа" гэв.
Мөн эм зүйч н.Отгонзулаас энэ талаар тодруулахад, "Цахим болоод, цаашид хэвшчихвэл одоо байгаагаас харьцангуй дээр байж мэднэ. Цаасан хэлбэрээр олгогдож буй жорын зарим эмийн нэр алдаатай, төдий л сайн гаргагдахгүй байх тохиолдол байдаг. Бас нэгэнт цахим болчихвол баримт үлдэх нь ч асуудалгүй байх" гэсэн юм.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)