Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Фантастик продакшны хамт олныг нэрлэж байна.
“Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн”, "37-р Точка", "Зура" зэрэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлийн эзэд бол Фантастик продакшны залуус. Тэд анх 2008 онд нэгэн үеийн найзуудын санаачилга, тэдний хүсэл мөрөөдлийн нэгдлээр байгуулагджээ.
Ийнхүү энэ жил 16 жилийнхээ босгон дээр цоо шинэ дэлгэцийн уран бүтээл болох "Зура 3: Цэвэрлэгээ" УСК-оо энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 7-ны өдөр үзэгчдийн хүртээл болголоо. Энэхүү уран бүтээл нь Фантастик продакшны 17 дахь уран бүтээл юм.
Фантастик продакшн киноны өгүүлэмж, сэдвээрээ бусад уран бүтээлчдээс ялгардаг гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тиймдээ ч "Зура 3: Цэвэрлэгээ" УСК нээлтээ хийсэн даруйдаа урлаг судлаач, кино шүүмжлэгчдийн нүдэнд өртөөд эхлэв. Үүний зэрэгцээ үзэгчдийн сонирхолыг тун ихээр татаж буй. Эдүгээ олон мянган үзэгчдэдээ хүргэсэн уран бүтээлүүдийн гол амин сүнс нь урлагийн төлөө нэгэн сэтгэлтэй хөдөлмөрлөж чаддаг эрч хүчтэй залуусын хичээл зүтгэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ийнхүү тэд Монголын кино урлагт "Фантастик продакшн" хэмээн тод тамгыг үлдээж чадсан юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)