Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “WELCOME HOME” тусгай үзэсгэлэнг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Байгалийн түүхийн музейд өнөөдөр нээлээ.
Нийт таван удаагийн таталтаар хүлээн авсан үлэг гүрвэлийн олдворуудаас сорчлон олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор дэлгэж буй уг үзэсгэлэнг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн Соёлын сайд Ч.Номин үг хэлэв.
Үзэсгэлэнд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браун, Соёлын яамны харъяа байгууллагуудын төлөөлөл Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний амьтан ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палео, зоологийн салбарын эрхлэгч Б.Майнбаяр, Японы Окаяама Шинжлэх ухааны их сургуулийн Динозавр судлалын музейн захирал доктор (Ph.D) Шинобу Ишикаги, судлаач доктор (Ph.D) Кэнтаро Чиба болон бусад хамтрагч байгууллагын төлөөлөл оролцлоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Бяцхан палеонтологич" боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэв. Үзэсгэлэн 3 дугаар сарын 17-нийг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ оны 2 дугаар 19-ний өдөр Байгалийн түүхийн музей 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээн аваад буй.
Үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авч буй нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой үйл явдал болж байгаа билээ.