Наурызын баярыг угтан Казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой "Бүргэдийн баяр 2024" наадам энэ амралтын өдрүүдэд болно.
Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг уг баярт оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг юм.
Мөн уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө, дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг энэхүү наадмын үеэр шалгаруулах юм.
"Бүргэдийн баяр-2024" наадмын тасалбарын үнэ 15,000 төгрөг байна. Түүнчлэн наадмын үеэр "Ulaanbaatar city bus" иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Тус автобус гуравдугаар сарын 9, 10-ны өглөө 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолоос Чингис хааны хүрээ рүү хөдөлж, оройн 17.00 цагаас хот руу буцах юм.