Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох мөч. Эдэлж чадахгүй байгаа, эдэлж чадаагүй "үлдсэн" эрхээ бусдын өмнө олны хүчээр гаргаж тавих өдөр. Нийгмийн шударга бусыг сөрөн боссон эмэгтэйчүүдийн тэмцэлийн дуу хоолойг үл тасалж, сэрж сэхээрэхийг сануулсан өдөр. Гэтэл одоо бол хэн нэгний сарнай, дарс, сэтгэлийн үгэнд дарагдаад гол агуулга, утга учраасаа хазайсан ч байж мэднэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгмийн бүхий л амьтанд зэрэг дэвээс үл хамааран "хүрэлцэхгүй" байгаа эрх чөлөөний тухай та юу бодож байна вэ?
Өдгөө Монгол Улсад цалингийн дундажаараа эмэгтэйчүүд сүүл мушгиж байна. Улс төрийн удирдах эрх мэдэл эмэгтэйчүүдийн талд цөөн байна. Бэлгийн дарамт, "эмэгтэй учраас" гэх гадуурхал, "эмэгтэй гэдгээрээ түрий барьсан тунирхал" ч давамгай хэвээр буй. Нэг өдөр цэцэг авч, хайрлуулж болно. Эмэгтэй хүн гэдгээ мэдэрч ч болно. Харин эмгэгтэй нийгмийн золиос нь эмэгтэйчүүд байж болохгүй. Үүний эсрэг энэ өдөр дуу хоолойгоо нэгтгэж, жендерийн тэгш бус байдлыг халахын төлөө, ажлын талбарт өрөвдүүлэхгүй, өрсөлдөөний цэгт шударгаар ялдаг байхын төлөө бүгдээрээ хамгийн чангаараа ч хамаагүй хашхирах цаг.
Нийгмийн "сул дорой, эмзэг турь" нь баймааргүй. Гэтэл нийгэм "сул дорой, эмзэг турь"-ийн титмийг толгой дараалан эмэгтэйчүүдэд зүүж өгч байна. Чадварлаг, ухаалаг, эрдэм боловсролтой эмэгтэйчүүд гэдгээ харуулахаас гадна хамгийн гол нь харанхуй бүдүүлэг сэрэл хүслээс ангид нийгмийг хүсэж буйгаа илэрхийлмээр байна.
Энэ жил эл өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийх, ахиц дэвшлийг хурдасгах” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг дэлхий нийтэд уриалсан байна. Эрхийнхээ төлөө өнөөдөр та юу хийх вэ, дотроо түгжиж яваа дуу хоолойгоо өнөөдөр та гаргах уу?
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэрэг олон агуулгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа улс орон нэг өдрийн баяр цэнгэлээс илүү утга учиртай өдрийг бэлэглэж байгаа хэрэг болно. Чуулаад яриад л өнгөрдөг бус бодитой үр дүнг хардаг болох сон.
Түүнчлэн эдүгээ ихэнх улсад улс төрийн, тэмцлийн утга нь алдагдаж, ээжүүдийн баяр, хайрын баяртай төстэй тэмдэглэдэг болсон гэж олон улсын судлаачид үзэх болжээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)