ХЭҮК, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл боловсруулах хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгааны ажлаас цохон хүргэж байна.
Хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалан ихсэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод жилдээ 1,4 сая тонн хог хаягдлыг төвлөрсөн 3 цэгт устгадаг байна. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчдэг. Гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна.
Засгийн газраас 2021 онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажилд 7.5 тэрбум төгрөг, Аюултай хог хаягдал агуулах аймгуудад барьж байгуулах ажилд 2.2 тэрбум төгрөг, орчны чанарын хяналтыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх ажилд 1.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан тушаалаар “Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай” болгох ажлыг тус тус эхлүүлжээ.