Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл энэ онд аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчноо хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон шинэчлэх, тэдэнд боловсролыг тэгш олгоход анхаарна.
Мөн тэдний онцлогт нь тохирсон ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн салбар зөвлөл хуралдаж, эдгээр төлөвлөгөөг боловсруулахдаа нутгийн захиргааны 15 байгууллагаас санал авсан бөгөөд дөрвөн зорилтын хүрээнд 27 үйл ажиллагаа явуулах юм. Хуралд оролцогчид дохионы хэлмэрчийн хүртээмжийг нэмэх, гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэрэмжлүүлэх, хамгаалах төлөвлөгөөг боловсруулах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, орчны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг сайжруулах саналыг хэлж байв.
Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд уулзан, зарим тулгамдсан асуудлыг шийджээ. Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгөх чиглэлээр 88 удаа сургалт зохион байгуулан, 7171 албан хаагчийг хамруулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Түүнчлэн төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 240 хүүхдийг оношилгоо, хэл яриа заслын хичээлд хамруулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.