УОК-оос ээлжит мэдээллээ өгөв. Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисст гамшгаас хамгаалах орон нутгийн анги, мэргэжлийн ангиуд хоёрдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 5-нд нийт 4,222 малчин өрхийг түлээ түлшээр ханган 6,766 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 2,010 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэн ажиллажээ.
Түүнчлэн 62,722 малчин өрхөд өвс, 69,866 малчин өрхөд малын тэжээл хүргэв. Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор 2,114 алба хаагчид 523 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Аймаг орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 суманд 6,444 айл өрхөд хүрч, 4,300 тонн тэжээл, өвс хүргэж байгаа аж. Одоогоор 93,142 километр зам гаргаад байна. Тодруулбал аймагт орон нутгийн онцгой комисс 29,387, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид 43,531, хувийн хэвшлээс дайчлан ажиллуулж байгаа техник хэрэгслүүдээр нийт 20,224 километр зам гаргажээ.
Мөн одоогийн байдлаар 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дээр малчин эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор ажлын хэсгүүд 470 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц хүргэхийн сацуу 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар орон нутагт 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.