Эцэг эхийн сэтгэлийг хуулийн нэг үгээр эмтэлж, эмзэглүүлж болно. Эцэг эхийн үнэнийг хуулийн нэг үг хааж, боож болно. Үр хүүхдээ алдсан ч "үр хүүхэд" хэвээр үлддэгийг хуулийн нэг үг үгүйсгэж болно. Хуульд сэтгэл хөдлөл байхгүй. Харин хууль санаачилж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй эрх бүхий этгээдүүд л хүнлэг, энэрэнгүй хандах боломж бий.
"Эхийн алдар" I, II одонг олгох хуулийн зохицуулалтын талаарх асуудлын Улсын аварга О.Хангай хөндлөө. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан "...Эндээс дүгнэхэд, та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч 4 дэх хүүхэд тань 1 нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ. Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ. Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судалъя гэсэн хариуг өгсөн.
Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ.
Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна" хэмээн бичсэн байлаа.
Энэхүү хуулийн зохицуулалтын талаар дурдахад, Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль"-ийг батлан, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж, 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгох болсон. Ингэхдээ мөн хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 болон 6-аас дээш хүүхэдтэй байсан, эдгээр хүүхдийн тоонд 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхдийг хамруулахаар заасан.
Бага хүүхэд нь 1 нас хүрсний дараа одонгоор шагнадаг байсантай холбоотойгоор дээрх хууль тогтоомжид заасан хүүхдийн тооны болзлыг хангасан эхчүүдэд “...өөрийн асрамжиндаа өсгөж хумүужүүлсэн...", “...хүүхэд төрүүлж, өсгөсөн...”, "...бага хүүхэд нь нэг нас хүрсэн...” гэсэн нөхцлийг анхнаасаа баримтлан өнөөг хүртэл Алдарт эхийн I, II одонг олгож байна.
Өмнө нь иргэдийн зүгээс О.Хангайтай адил санал хүсэлтийг уламжилж байсан ч төдий л анхаарлын төвд орж чадаагүй. Чухамдаа "Төрүүлсэн" нь үнэн боловч "Эхийн алдар" I, II одонг хүртээдэггүй НЭГ Л ҮГ бий. Тэр нь "өсгөх, хүмүүжүүлэх" гэх үг. Тухайн эх 4 болон 6 хүүхэд төрүүлсэн боловч хамгийн бага хүүхэд нь төрөөгүй эсхүл төрөөд 1 нас хүрээгүй байхад өмнө нь төрүүлсэн хүүхэд нас барсан бол шалгуурыг хангахгүй. Хүүхэд төрүүлээд өсгөн хүмүүжүүлж байгаа гэсэн хуулийн шалгуурыг давахгүй байна гэсэн үг. Тиймээс Монгол Улс эл хуулийн ганцхан үгээр олон ээжийн сэтгэлийг эмтэлж ирсэн хэрэг.
Сэтгэгдэл (2)