Хүүхэд эрүүл аюулгүй, орчинд амьдрах эрхтэй гэж Монгол улсын хүчин төгөлдөр хуулинд заасан байдаг. Энэ их танил өгүүлбэр. Гэвч хуулийн заалт хэрэгжихгүй утаа мэт замхарсаар хорь гаруй жил болж байна. Өвлийн саруудад агаарын бохирдлын тухай яриад дэлгэр цаг ирэхээр мартчихдаг муу зуршилтай. Өдгөө Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн муу агаартай хотыг тэргүүлэх болж, агаар хэт бохирдолтой байх хугацаа хэдийнээ жилийн 200 хоногийг давах болжээ. Хүн амын дийлэнх нь оршин суудаг Улаанбаатар төдийгүй бусад хот, аймгийн төвүүдэд нарийн тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөснөөс 40 -50 дахин их өдрүүдийн тоо улам нэмэгдсээр байна. Агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн их нэрвэгддэг. Хүний их эмч, судлаач Л.Дэлгэрзул “Агаар бохирдуулагч тоосонцорын бохирдол асар өндөр. Хатуу төрлийн түлшийг түлснээс тоосонцрын бохирдол агаарт их ялгардаг. Агаарын бохирдлын найрлага дах зарим химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт байхгүй байна. Ихэнх орнуудын агаарт илэрдэггүй хорт бодис Улаанбаатарын агаарт илэрч байна.” гэв. Ийм л агаараар амьсгалсаар... Хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон судалгаа цөөнгүй хийгджээ. Утаатай тэмцэх төсөв нэмэгдэхийн хирээр утаа нэмэгдсээр. Агаарын бохирдол бага насны хүүхдийн эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд бөгөөд хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин үнэмлэхүй жин дарж байна гэсэн статистик таван жилийн өмнөх.
АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар агаарын бохирдол нь төрсөн хүүхдийн дундаж наслалтыг 20 сараар богиносгож байгаа тухай дурджээ. Агаарын бохирдол төрөөгүй хүүхдэд хүртэл сөргөөр нөлөөлж жин багатай, дутуу тээлттэй, амьгүй төрөх зэрэг ноцтой үр дагавар үүсгэдэг. Жирэмсэн байх үед болон төрсний дараах эхэн үед хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжилд агаарын бохирдол сөрөг нөлөөтэй болохыг судалгааны баримтууд харуулж байна. Олон улсын сэтгүүлийн нийтлэлээс үзэхэд жирэмсэн эхийн хэвлийн ураг талд хүртэл тоосонцор илэрсэн байна. Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага байгааг хэдийнээ тогтоосон ч өнөөдөр байдал хэвээрээ байсаар байна. Өдөр бүр агаарын бохирдлын тухай ярьж, сануулж байхгүй бол хүүхдүүдийнхээ ирээдүйгээс нь, наслах наснаас нь хумсалж байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардая.