Манай хотод дурсамж, түүх, үзэмж, бүтээл болсон барилгуудыг шил дараалан нурааж байгаа энэ цаг дор 100 гаруй жилийн түүхтэй Үндэсний номын сан бууриа сэлгэж, 11 давхар барилга руу нүүх гэж буй. Харин буурь дээр нь хэн эргэхийг эс мэднэ.
Номын мөр хөөсөн олны хөлд дарагдан хуучирсан, сонгодог хийцтэй, гурван давхар номын сангаа босгыг нь элээж явсан хүн бүр мэдэх билээ.
Өдгөө захиргааныхан нь бууриа сэлгээд, хэдийнээс ажиллаж эхлэхээ ч хэлж мэдэхгүй байна. Шинэ өргөө нь Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 давхар агаад 9,948.2 ам.метр талбайтай юм. Тус номын сангийн захиргаанаас нүүдлийн бэлтгэл хийж буйтай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг мэдэгдээд байна. Түүнчлэн Үндэсний номын сангийн шинэ байрыг барихад 12 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тэгвэл үүдээр нь хөл тавихад л "дотно, дулаан" санагддаг Үндэсний номын сангийн 12 тэрбум төгрөг, 11 давхар барилгаас ч "өндөр" түүхээс хуваалцаж байна.
1921 оны 11 сарын 29-ний өдөр Судар бичгийн хүрээлэнг байгуулж, анхны Номын санг тус хүрээлэнгийн дэргэд байгуулахад Хүрээлэнгийн захирал С.Жамьян, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, профессор Ж.Цэвээн, түүхч, манжич Ч.Бат-Очир нар хувийнхаа номын сангаас хувь нийлүүлсэн, бүгд 2,000 номтой болгожээ. Эл номын сан 1924 оны эцэст 30 мянган лан мөнгөний үнэ бүхий 5,000 шахам боть номтой болсон байна. Номын фонд бүрдүүлэхэд тус орны ард иргэд, ялангуяа Чингисийн Алтан ургийн зарим ноёд / түшээт ханы Пунцагцэрэн, Сайн ноён ханы Далайчонхор/ болон сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн гэх нь бий.
Богд хааныг таалал төгссөний дараа хааны ордны номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээрх олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.
1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж, "Улс нийтийн номын сан" гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн /1948-1953 он/ эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж, дараа дараагийн жилд мөн төсөвт тусгагдаж, улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтад орсон түүхтэй. Харин 2008 оноос Монгол Улсын Үндэсний Номын Сан гэж нэрлэгдэх болжээ. Эл номын сангийн түүхт 100 жилийн ой 2021 онд тохиож байлаа.
Cоёлын өвийн төвд бүртгэгдсэн үнэт өвүүдээс дурдвал: “Алтан товч”, “Эрдэнийн эрх”, 1345 онд модон бараар барласан 4 хэлний хадмал “Жамбалцанжид”, “Чингис хааны угийн бичиг”, “Ганжуур” /108 боть/, “Данжуур” /225 боть/, соёмбо үсгээр бичсэн “Итгэл”, цэвэр мөнгөн хуудсан дээр алтан үсгээр бичсэн “Сундуйн жүд”, “Жадамба”, нэрт эрдэмтэн Шагжийн 1914 онд 5х5 сантиметр хэмжээтэй цаасан дээр хялгасаар бичсэн “Ногоон дарь эхийн тууж” зэрэг ховор ном судар олон бий.
Мөн Үндэсний номын сангийн үүдийг сахигч нэрт эрдэмтэн Еншөөбү овогт Ринченгийн хүрэл хөшөөг 2005 онд түүний хүү Б.Дэнзэнгийн зураг төслөөр босгосон байдаг. Харин суурин дээр нь байсан И.В.Сталины хөшөөг 1990 онд буулгасан байдаг.
М.Жаргал
Сэтгэгдэл (8)