Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Наян жилийн түүхээс харахад Улаанбаатар хотын орчимд Туул, Сэлбэ гол дагуу шар усны үерийн оргил үе дөрөвдүгээр сарын 14-нд тохиолдсон байна. Орсон цасны хэмжээ, агаарын температурын огцом өөрчлөлт хоёр шар усны үер буух эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Энэ жилийн хувьд нийт нутгийн 70% цасан бүрхүүлтэй байгаа ба өмнөх жилээс дөрөв дахин их цас хуримтлагджээ. Гуравдугаар сарын 20-ноос гол мөрний мөс хайлах үзэгдэл идэвхжиж, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гэхэд гол мөрний мөс бүрэн хайлж дуусдаг.
Энэ жилийн хувьд агаарын температурын огцом дулааралтай байна. Шар усны үер буух эрсдэл нэмэгдэнэ.
Шар усны үер болбол, өвөлжилт хүндэрсэн аймгуудад байгаа малын сэг зэм, хайлсан усаар угаагдан гол руу орж, өвчин эмгэг тараах эрсдэлийг үүснэ. Иймд малын сэг зэмийг цэвэрлэх, ариутгах ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай" гэлээ.
Мөн гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байдаг тул мөсөн дээгүүр явахгүй байх, баталгаат гармаар явахыг зөвлөсөн юм.