Зудын эрсдэлээс сэргийлж, малчдыг дэмжсэн ХХААХҮЯ-ны бодлого, шийдвэрүүдийг танилцуулж байна.
Сайд Х.Болорчулууны 2022 оны сүүлээр гаргасан махны экспортын КВОТ-ыг цуцалсан шийдвэр
Энэ шийдвэр олон жилийн хүнд суртлыг унагаж, махны бизнесийнхэн төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл, идэвхийг сэргээсэн шийдвэр болсон нь 2023 оны махны экспортын дүн харуулна. 2023 онд 120000 тонн мах гадаадын оронд борлуулж, 340 сая ам.долларын орлогоор манай улсын түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.
Малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлөөр хангасан нь зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахад ээлтэй шийдвэр болов.
Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлсэн нэгэн шийдвэр бол ӨВС-ний экспортын хориг
Учир нь Дорнод аймгийн Халхгол, Эрдэнэцагаан, Матад сумдад гадны иргэд техникээрээ олон мянган тонн өвс хадан экспортлох гэж байсныг 2023 оны намар ХХААХҮ-ийн сайд зогсоох шийдвэр гаргасан нь зудын эрсдэлт үед өвс, хадлангаа хамгаалан авч үлдсэн зөв шийдвэр байлаа. Сүүлийн жилүүдэд зүүн 3 аймгаас улсын хэмжээнд өвс, хадлангаа хангадаг болсон тул бидэнд гадагш илүүчлэх шаардлага огт байхгүй. Энэ тал дээр Гаалийн газар болон 2 аймгийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлэн хамтран ажиллав.
Малчдад нэн шаардлагатай байгаа ХИВЭГ, ТЭЖЭЭЛ-ийн экспортыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хориглох шийдвэр гаргасан байсан нь нүдээ олсон шийдвэр юм.
Хивэг, тэжээлийн үндэсний үйлдвэрлэгчид хүчин чадлаа дайчлан бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа хэдий ч, онцгой байдлын энэ үед эрэлт ихсэж байна. Иймээс гадагшаа хивэг, тэжээл экспортлохыг аль хэдийн хориглосон байсан нь малчдад хүрч буй дэмжлэг яах аргагүй мөн.
ХХААХҮЯ-аас гаргасан малчдыг дэмжсэн удаах нэгэн шийдвэр бол амьд ХОНЬ малчны хотноос дундын зуучлалгүй зах зээлийн үнээр худалдан авах биржийн арилжаа юм. Энэ шийдвэрийн хүрээнд орон нутгийн малчдын өгсөн захиалгаар Хөдөө аж ахуйн бирж хотноос нь хонь худалдан авснаар одоогоор 362 мянган хонины сэврээсэн мах булангийн орнууд руу гаргаад байна.