Дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг 365 хоног буюу нэг жил гэж үздэг. Гэтэл нарийн тооцоогоор бол дэлхий нарыг 365 хоног, 5 цаг, 48 минут, 46 секундэд бүтэн тойрдог байна. Ийм ч учраас дөрвөн жилд нэг удаа нар болон дэлхийн байрлалыг зөв тодорхойлохын тулд өндөр давтамжтай жил болдог.
Өнөөдөр хоёрдугаар сарын 29-н буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог өдөр. Нэг зууны дотор 25 хоногийн зөрүү гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэрвээ бид өндөр давтамжтай жилгүй нэг зуун өнгөрөөлөө гэхэд нэгдүгээр сар гэхэд цаг агаарын байдал болон нарны байрлал арван хоёрдугаар сартай адилхан байна гэсэн үг аж.
Анх эхлэн Египтүүд энэ тооцоог гаргасан ба Ромчууд сүүлд хоёрдугаар сарыг 29 хоногтой болгохоор шийдсэн байна. Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилд нэг удаа тохиодог. Дэлхий дээр дөрвөн сая хүн хоёрдугаар сарын 29-нд төрсөн гэсэн бүртгэл байдаг.
Тэгвэл манай улсад энэ өдөр 2,302 иргэн мэндэлсэн гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээлсэн.
Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна. Эндээс хамгийн ахмад нь 95 настай нэг иргэн байна.
Энэ өдөр төрсөн хүмүүс баярт өдрөө тэмдэглэх нь маргаан дагуулдаг учир зарим улсад тус маргааныг хуулиар шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, Шинэ Зеланд улс энэ өдөр төрсөн хүмүүсийг хоёрдугаар сарын 28-ны өдөр төрснөөр тооцох тухай хуультай. Харин Их Британи, Хонг Конгт уг өдөр төрсөн хүмүүсийг гуравдугаар сарын 1-ний өдөр төрсөн гэж үзэн бүртгэдэг хуультай ажээ. Гэхдээ манай улсад ийм зохицуулалт үгүй учраас иргэд хүсвэл аль нэг өдөр тэмдэглэж болох юм.
Энэ өдөр төрсөн нэгэн иргэн хэлэхдээ, "Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдөр маань болдог болохоор нижгэр тэмдэглэхийг зорьдог. Бусад үед бол энгийн л ёс төдий өнгөрүүлдэг" хэмээж байлаа.
Хоёрдугаар сарын 29 нь Григорын тоолол ёсоор дөрвөн жил тутамд тохиодог энэ өдөр 2008, 2012, 2016, 2020 онд тохиож байлаа.
Өдгөө 2024 оны энэ өдөр "Өндөр жил" тохиож байна. Нарны тооллоор он цагаа тоолдог ихэнх соёлд нэг өдөр нэмэх тохиолдол байдаг. Үүнийг Григорийн тоолол ч мөн ашигласан.
Энэ жилийг "өндөр жил" хэмээн нэрлэнэ.
Онцлох үйл явдал
- 1504 – Алдарт аялагч Кристофер Колумби Хойд Америкийн нутаг дэвсгэрт сарны хиртэлтийг ажиглаж, бүтээл туурвив.
- 1644 – Аялагч, судлаач Адель Тасман номхон далай дахь хоёр дахь аялалаа эхлүүлжээ.
- 1712 – Шведийн Засгийн газар өөрийн гэсэн он тоололтой болж өндөр жил ашиглахгүй байхаар болов.
- 1720 – Шведийн хатан Улрика Элеонора эрх мэдлээсээ татгалзжээ. Түүний орыг I Фредерик хаан залгасан юм.
- 1768 – Польшийн хуульчид нэгдэж “Хуульчдын холбоо” байгуулжээ.
- 1796 – Их Британи, Америкийн талууд гэрээ байгуулж арван жилийн хугацаанд энхтайван байдал тогтоож, хоёр тал тайван замаар худалдаа хийж байхаар болжээ.
- 1916 – Токелау арлыг Их Британичууд булаан эзлэв.
- Хүүхдийн хөдөлмөр: АНУ-ын Өмнөд Каролина муж хөдөлмөрийн насыг 12-оос 14 болгож нэмэгдүүлэв.
- 1940 – “Салхинд туугдагсад” кинонд үйлчлэгч Меммигийн дүрийг бүтээсэн Хетти МакДаниель “Оскар”-ын шагнал хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
- 1952 – Хелиголанд арал Германы захиргаанд шилжжээ.
- 1972 – Вьетнамын дайн: Өмнөд Солонгосын арми Вьетнамын нутагт 11,000 цэрэг оруулснаар тус улс дахь Өмнөд Солонгосын цэрэг 48 мянгад хүрэв.
- 1980 – Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхэнд 800 гоол хийсэн анхны тоглогчоор Горди Хау тодорчээ.
- 1988 – Өмнөд Африкийн санваартан Десмонд Тутуг апертейдийн эсрэг тэмцэл өрнүүлсэн гэж үзэн 100 дагагсдынх нь хамт баривчилжээ.
- Канадын ард нийтийн танхимын гишүүн Свенд Робинсон өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласнаар парламентын гишүүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ил зарласан анхны тохиолдол болжээ.
- 1992 – Босни-Герцеговинад тусгаар тогтнох эсэх асуудлаар олон нийтийн санал хураалтын эхний шат болов.
- 1996 – Сараевогын бүслэлт албан ёсоор эцэслэв.
- 2012 – “Токио Скайтрий” нэртэй дэлхийн хамгийн том цамхагийн барилгын ажил дуусчээ. 2017 онд бүрэн ашиглалтад орсон уг цамхаг дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг юм.
Сэтгэгдэл (1)