“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчидтай уулзлаа. Энэ бүсэд нийт 53,943 хүн, 15,616 өрх оршин суудаг. Хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр, зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон. Дэд бүтцийн сүлжээнд маш бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан
Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэхэд, эдийн засаг, хүн ам өссөн ч хот-хөдөөгийн тэнцвэр алдагдсан. Засгийн газрын дундаж нас 1.5 жил. Энэ бол нэг томоохон бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийж амжихгүй цаг хугацаа. Бодлого тогтворгүй байсан нь томоохон асуудлуудад нөлөөлж, урт хугацааны бодлогогүй явж иржээ. Үүний суурь нь авлига. Тийм учраас Засгийн газраас “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлого хөтөлбөр боловсруулсан” гэв.
Баянзүрх дүүргийн II хорооны зохион байгуулагч Б.Эрдэнэцэрэн: Эрх мэдлийн хуваарилалт, ажлын ачааллыг хуваарилж өгнө гэдэг маш чухал
Тэрбээр "Нэг гудамжийг камержуулах иргэдэд тулгамдсан асуудал ч дүүрэг дээр эрэмблэгдэхээр жижиг болчихдог. 43 хорооны асуудлыг нэг хэлтэс шийдэх биш олон газар хуваарилаад өгчихвөл шийдвэр гаргахад хурдан болно. Асуудал нь ямар шатанд байгааг бид иргэддээ мэдээлэхэд ч дөхөм байна. Эрх мэдлийн хуваарилалт, ажлын ачааллыг хуваарилж өгнө гэдэг маш чухал. Ингэж байж бид иргэдтэйгээ зөв ойлголцоно" гэв.
Баянзүрх дүүргийн "Миний зөвлөгч" ӨЭМТ-ийн дарга Т.Ууганцэцэг: Нийтийн байруудад нэгдсэн журам хэрэгтэй байна
Тэрбээр "Манай хороонд нийтийн байр олон. Ямар ч стандарт байхгүй. Тэнд янз бүрийн асуудал гарч байна. Нийтийн байруудад нэгдсэн журам хэрэгтэй байна. Бүсчилсэн хөгжлийн талаар анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан хаагчдынхаа саналыг сонсож байгаад олзуурхаж байна" гэв.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан: Хууль, журмуудыг улстөржилт багатай хийгээсэй гэж боддог
Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Баянзүрх дүүргийг тав хуваалаа гэж бодоход түүнийг дагаж гарах хууль, журмуудыг улстөржилт багатай хийгээсэй гэж боддог. Хууль дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна" гэв.
Баянзүрх дүүргийн 21-р хорооны ӨЭМТ-ийн дарга К.Аварга: Дарь-Эх орчмыг дүүрэг болгож хөгжүүлэх зөв
Тэрбээр "Төрийн үйлчилгээ иргэдэд ойртох маш чухал. Бид хотын хөдөөд л амьдарч байна. Тогтвортой ажиллуулахын тулд эмнэлэг, сургуулийн ажилтнуудад ажилтай нь ойр орон сууц дахин төлөвлөлтөөр барьж өгвөл зүгээр байна. Дарь-Эх орчмыг дүүрэг болгож хөгжүүлэх зөв. Ингэж байж хөгжил ирнэ, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй хүрнэ" гэв.
Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга И.Баттөгс: Бүсчилж хөгжүүлэхдээ хөрөнгө оруулалт, эдийн засгийн таталцлаа хамт авч явбал зүгээр байна
Тэрбээр "Бүсчилсэн хөгжилд анхаарах зүйл байна. Манай дүүрэгт 520-530 мянган хүн амьдарч байна. Бүсчилж хөгжүүлэхдээ хөрөнгө оруулалт, эдийн засгийн таталцлаа хамт авч явбал зүгээр байна" гэв.