Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэхийн тулд Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд буй.
Autobox аппликейшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэгт суурилан шилжүүлэх боломж бүрджээ.
Тус аппликейшнээр нэвтрэхдээ E-Mongolia платформын хяналтын системээр дамжин, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан юм.
Харин тус аппликейшнаас одоогоор 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авч болно. Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгөхөөс гадна улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдэнэ.
Мөн бүх төрлийн лавлагааг, тухайлбал, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлж, жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэх боломжтой.