Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна. Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болсон.
2023-2024 оны хүйтний улирлын хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их хур тунадас орсон. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон байсан юм.
Энэ жилийн өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байна. Мөн мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа тул зам хожиж, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна" гэв.
Сэтгэгдэл (2)