Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан хандивын аян эхлүүлж буй талаар Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн дарга н.Буд дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаг уурын байгууллагын бидэнд өгч буй мэдээллээр 1975 оны зудаас хойш болж буй 50-аад жилийн түүхэнд болж буй хамгийн хүндрэлтэй зуд турхан болж байна. Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл ард иргэддээ туслах хандивын аян зохион байгуулж, малчдадаа туслах зорилгыг агуулж мэдээлэл хийж байна. Засгийн газар, УОК-ийн шийдвэрээр сайд нарыг орон нутагт ажиллуулж эхлээд байна.
Сүхбаатар аймагт цас ахиу орсон учир илүү хүндэрч байна. Орсон цасны дараа байнгын явган шуургатай байна. Малчид хэдэн малаа амьд мэнд авч гарах гэж сэтгэл зүрхээрээ хөдөлмөрлөж байна. Харамсалтай нь малынхаа бэлчээрийг сэндийчлээд гаргаад ирэхэд л орой нь цасаар шуурах төлөвтэй. Иймд хүндрэл их байна.
Энэ нөхцөл байдал хавар маш хүндэрнэ. Зарим айлын яндан л цухуйж байна. Тийм айлууд бог төллүүлээд хүлээж авна гэдэг хүнд. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл болж байна. Иймд Сүхбаатараа гэсэн сэтгэлтэй, уугуул суугуул иргэд, гадаад дотоодод амьдарч буй Монголчууддаа уриалж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ард нийтээрээ даван туулах явдалд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.
Д.Батчулуун