Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр жүжигчин А.Өнөржаргалыг нэрлэж байна.
Хаврын тэргүүн сарын зүрх зүсэгсэн хүнд өдрүүд өнгөрсөөр. Өнөөдрийн байдлаар Монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Малын хорогдол их байгаагаас гадна малчид түлэх түлээгүй, өвс тэжээлгүй, хоол ундны хомстолд ороод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аян идэвхтэй өрнөж, сайхан сэтгэлт хүмүүсийн дэм хөдөө рүү чиглэж байна. Цас, хавсарга гээд хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэхийн хүндтэй нүүр тулж буй.
Тэгвэл энэ хүнд үед зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт найзуудын хамт явж байгаа болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар цахим хаягаараа шууд дамжуулсан юм.
Яг одоо л олны танил хүмүүс, нөлөөлөгчид хүний сайхан сэтгэлээр хэн нэгний амьдралд дэм хүргэх цаг мөн гэдгийг түүний энэхүү үйлдлээс харж болох юм. Хөдөө орон нутаг, мал малчид гээд бидэнд хамаагүй хэмээн дуугүй байдаг бус хүний тухай бид юу мэдэхээ бодох мөч иржээ. Тухайлбал, жүжигчин А.Өнөржаргал найзуудын хамт 20 тонн хивэг, өвс тэжээл, хоол хүнсийг нөхдийнхөө хандиваар авч яваа нь тэр аж. Тэрбээр хэлэхдээ "Бид зуны дэлгэр цагт монгол орон, нутаг нугаараа бахархаж очдог. Гэтэл одоо хэцүү үе тохиосон нь зуд турхан. Бид нүүдэлчин удамтай ард түмэн. Бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах хэрэгтэй. Бид нэг нэгнээ хайрлах цаг нь болжээ. Туулах чадвар сайтай машин энд хэрэгтэй байна. 200 гаруй өрх хоол хүнсгүй, түлэх түлээгүй болсон айлууд ч байна. Малынхаа хашааг түлээд дуусаж байгаа гэсэн сураг сонсоод найзуудыгаа уриалаад явж байна. Үнэндээ хөдөөний амьдралыг хотынхон, хотынхны амьдралыг хөдөөнийхөн ойлгохгүй.
Бид л хэн хэнээ ойлгож, сайхан сэтгэлээр туслах цаг ирсэн юм шиг совин татаад байна. Сонгууль дөхсөнтэй энэ бол хамаагүй, тэгж мушгих хэрэггүй. Би бол Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн, бага нас минь тэнд өнгөрсөн. Хөдөө бол миний сэтгэл зүрх" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)