Байгалийн араншингийн өмнө хүн гэдэг мөхөс, бөхөс билээ. Өдгөө монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очиж байна. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Цас, хавсарга гээд хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэхийн хүнд гэж бий.
Өвлийг өнөтэй давж, урин хавартай золгох бус исгэчих нүдгүй шуурганаар гал хөс, хүнээ алдчихгүйхэн байх гэж л аргаа барж байна. Монгол орны өнцөг булан бүрд нөхцөл байдал ийм буй. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь малд бус хүнд тусалж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй.
Цагаан сараар ч цагаалах завгүй салхиар нүдлээ. Энэ үеэр УОК-ын дарга малчдадаа байгаагаа барин тусална гэдгээ мэдэгдсэн. Гэр, мал, хүн гурав цасанд даруулсан, зам жим алсын бараа ч цасанд арчигдсан ийм нэгэн цагийг бид үзэж байна.
Зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт найзуудын хамт явж байгаа болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар цахим хаягаараа шууд дамжуулсан. Тэд 20 тонн орчим хивэг, өвс тэжээл, хоол хүнсийг нөхдийнхөө хандиваар авч яваа нь тэр аж.
Тэрбээр хэлэхдээ "Бие биенээ хэмлээд байх бус бодит байдлыг харах хэрэгтэй. Мартагдан арчигдаж байгаа монгол ахуй, малчдын амьдрал хэцүү байна. Аливаа зүйлийг буруу, муухайгаар битгий хараарай, цаг улирал үнэхээр өөр байна шүү. Урд машинаасаа хэдхэн метрийн зайтай байхад л зам хаагдаж, явах боломжгүй болж байна.
Бид зуны дэлгэр цагт монгол орон, нутаг нугаараа бахархаж очдог. Гэтэл одоо хэцүү үе тохиосон нь зуд турхан. Бид нүүдэлчин удамтай ард түмэн. Бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах хэрэгтэй. Бид нэг нэгнээ хайрлах цаг нь болжээ.
Туулах чадвар сайтай машин энд хэрэгтэй байна. 200 гаруй өрх хоол хүнсгүй, түлэх түлээгүй болсон айлууд ч байна.
Малынхаа хашааг түлээд дуусаж байгаа гэсэн сураг сонсоод найзуудыгаа уриалаад явж байна. Үнэндээ хөдөөний амьдралыг хотынхон, хотынхны амьдралыг хөдөөнийхөн ойлгохгүй.
Бид л хэн хэнээ ойлгож, сайхан сэтгэлээр туслах цаг ирсэн юм шиг совин татаад байна. Сонгууль дөхсөнтэй энэ бол хамаагүй, тэгж мушгих хэрэггүй. Би бол Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн, бага нас минь тэнд өнгөрсөн. Хөдөө бол миний сэтгэл зүрх.
Асгат суманд байгаа дүү дээрээ ч очиж чадаагүй л явж байна. Тооноороо гарч, хаалгаа онгойлгоод гэрээсээ гарч байна гэж дүү маань ярьж байна шүү дээ. Хэцүү байна" хэмээсэн юм.
Бусдыг уриалан дуудах, нөлөөлөгчид одоо л хүний сайхан сэтгэлээр хэн нэгний амьдралд дэм хүргэх цаг ч мөн биз. Хөдөөний тухай, малчны тухай, малын тухай мэдэхгүй болохоорооо л дуугүй байдаг бус хүний тухай бид юу мэдэхээ бодох мөч бол ийм л хүнд хэцүү үе.
"Малчин" гэх тодотголыг нь баллуурчихвал тэд иргэн. Тэгвэл төр хөдөө орон нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэх дараах шийдвэрийг гаргасан...
Үүнд:
- Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна.
- Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ.
- Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
- Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
- Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна.
- Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна.
- Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.
- Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
- Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ.
- Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна.
- Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ.
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зэрэг болно.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)