Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй. Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр байгаа аж.
Тухайлбал, өнөөдөр өдөртөө +2 хэм дулаан байх бол шөнөдөө -24 хэм хүйтэрнэ хэмээн албаныхан мэдээллээд буй.
Ийнхүү уншигч та бүхэнд халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар албаны хүмүүсийн зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэлсэн
Тэрбээр "Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэлсэн. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна.
Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам, Хархорин орчмын хөрсний усыг зайлуулж, Туул голд цутгах нэг насос бий. Ийм насосыг хотын дөрвөн талд хийх шаардлагатай гэж тооцоолон, судалж байна. Мөн Сэлбэ дэд төвд голын урсац тохируулах санг байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн" гэв.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү: Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай
Тэрбээр "Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт их болж байна. Иймээс аливаа гамшиг болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Бид улаан түвшинд хүргэхгүй байхын тулд ажиллана. Сэлбэ голын голдирол дагуу барилга, байгууламжуудыг буулгаад эхэлсэн. Мөн Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ" гэв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан: Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байна
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.
Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ны өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна" гэв.