Арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдээс гарын үсэг цуглуулах талаар иргэн Б.Пүрэв дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизийг онцолж ийм төлбөр төлдөг нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм. Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар хуульд заасны дагуу телевизүүдийн холбоо авдаг гэж тайлбарладаг. Харин нөгөө талд IPTV-үүд шаардлага тавьдаг гэсэн тайлбар өгдөг.
Хуульд ийм тодорхой заачихсан байхад худлаа тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлдэг явдлаа болих ёстой.
IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Гэхдээ хуульд ингээд оруулчихсан тул нэмэлт төлбөр авах нөхцөл нь бүрдчихсэн. Одоогоор 760 мянган өрхийн 82 хувь нь энэ хураамжийг төлдөг гэсэн баримт бий. Зарим өрх хоёр ч IPTV ашигладаг" гэв.