Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар НОК болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Дэлхийн дулаарлын улмаас манай оронд өвлийн улиралд уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдах болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд говийн бүс нутгаар нэмэх градустай дулаан байсан бол эргээд хүйтрэхээрээ олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч зарим уулархаг бүс нутгаар -50 градус хүрч байна. Энэ өвөл их хэмжээний цас орж нийт нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтсон.
Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ урьдынхаас их байна.
Энэ сарын 15-16-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт огцом дулаарах төлөвтэй байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай огцом хүйтрэх төлөв ажиглагдсан" гэв.