Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар НОК болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлд 33 байршилд халиа тошин үүссэн. Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагасан халиа тошинтой хэсгүүдэд дүүргийн онцгой байдлын алба, тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна. Энэ жилийн хувьд зуны улиралд их бороо орсноос орой буюу 12 дугаар сард халиа үүсэж, голын доод хэсэг рүү түрж орж ирснээс хотын төв хэсэг рүү халиатай байна. 3,000 метр куб суваг татсан хэсгүүдэд халиа багассан.
Хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж хөлдөх, голын ус дээшээ түрж хөлдөх эрсдэлд хамтарсан үзлэг хийснээр НОК-оос шар түвшин тогтоосон.
Улаанбаатар хотод халиа тошинд өртөх эрсдэлтэй 2,316 нэгж талбар бий. Голын хамгаалалтын бүс, инженерийн хийцлэлтэй барилга байгууламжийн хамгаалалтын зурвас, хаврын шар ус, зуны улиралд хур борооны үер болдог байршлуудад буухгүй байхыг иргэд анхаарах хэрэгтэй" гэв.