Стандарчлал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас “Мөнгөн завъяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хянах шалгалт явууллаа.
Шалгалтаар “Мөнгөн завъяа” худалдааны төвд үнэт эдлэлийн баталгаажуулалт хийгээгүй жинг ашиглан худалдаалж, сорьцын тэмдэг тавиагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Стандартчлал, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгахаар түрээслэгч нарт сургалт зохион байгуулах, жинг нэгдсэн байдлаар баталгаажуулалтад хамруулахаар болжээ. Мөн нэг сарын хугацаатай зөрчил дутагдал арилгах албан шаардлагыг “Гүн ингүүмэл” компанийн “Мөнгөн завъяа” худалдааны төвд 85 талбай түрээслэгчид хүргүүлж байна.
Улсын хэмжээнд нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд байдаг бөгөөд хяналт, шалгалт зургадугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Энэхүү хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үнэт металлын үндэсний холбоо, СХЗГ-ын Сорьцын хяналтын газар болон Хэмжил зүйн газрын улсын ахлагч байцаагч нар хамтран зохион байгуулж байгаа юм.