НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого өнгөрсөн оны эцэст 4317.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 787.9 (22.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 635.2 (21 хувь) тэрбум, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 65.2 (31.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2023 онд 4064.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 626.1 (18.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 543 (17.3 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 30.7 (38.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Тэтгэврийн даатгалын сангаас өнгөрсөн онд 497 мянган хүнд 3651.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.5 (3.4 хувь) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 590 (19.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 онд 144.8 мянган хүнд 37.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 18.7 (11.4 хувь) мянган хүнээр багасаж, харин олгосон тэтгэмжийн хэмжээ 6 (18.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 онд 62.6 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 3 (4.5 хувь) мянган хүнээр багасаж, олгосон тэтгэврийн хэмжээ 197.8 тэрбум төгрөг болж, 14.9 (8.1 хувь) тэрбум төгрөгөөр өслөө.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 61.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 26.4 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 11.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн аж. Нийгмийн халамжийн тэтгэмжид өнгөрсөн онд 180.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 73.7 (68.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 онд 134.6 мянган хүн хамрагдсаны 52 хувь нь асаргааны, 48 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан байна.